Эрүүл, аюулгүй байдлын индексийг жил бүрийн 6, 11-р сард гаргана

2013-11-21 00:00:00
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийн мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх тухай” А/1012 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Засаг даргын 2013 оны А/01 тоот захирамжаар батлагдсан  “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлал”-ыг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох мэдээллийн тогтолцоог боловсруулж, Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг бодлогын 4 хүрээ буюу  Бодлогын хүрээ- Хүрээлэн буй орчин, дэд бүтцийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Бодлогын хүрээ- Нийгэм ба хүний хөгжлийг Нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн  хөгжлийн бодлогын хэлтэс, Бодлогын хүрээ -Эдийн засаг, санхүүг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Бодлогын хүрээ- Засаглалыг Нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн  захиргааны удирдлагын хэлтэс хариуцна.

Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлтийг үнэн, зөв,  бодитой гаргаж, дүүргийн Засаг даргын Тамгын газарт ирүүлэхийг хороодын Засаг  дарга нарт, дүүргийн шалгуур үзүүлэлт, матрицыг хороо тус бүрээр гаргаж баталгаажуулан жил бүрийн 6, 11 дүгээр сарын 20-ны дотор бодлогын хүрээ тус бүрийн шалгуур үзүүлэлтийн мэдээллийг хариуцсан байгууллага, хэлтсүүдэд албан бичгээр болон холбогдох цахим хаягаар ирүүлж байхыг дүүргийн Засаг  дарга нарт даалгалаа.

Эрхлэх үйл ажиллагааны чиглэлээр Эрүүл аюулгүй байдлын индексийн шалгуур үзүүлэлт, матрицыг 9 дүүрэг, 152 хорооны түвшинд гарган, баталгаажуулж жил бүрийн 6, 11 дүгээр сарын 20-ны дотор бодлогын хүрээ тус бүрийн тоон мэдээллийг хариуцсан байгууллага, хэлтсүүдэд албан бичгээр болон холбогдох цахим хаягаар ирүүлж байхыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрын дарга нарт үүрэг болголоо.

 Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газар, хэлтсүүдээс ирсэн шалгуур үзүүлэлт, матрицыг бодлогын 4 хүрээгээр 9 дүүрэг, 152 хорооны түвшинд нэгтгэн гаргаж, жил бүрийн 6, 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт багтаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст ирүүлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс, Нутгийн захиргааны удирдлагын хэлтэст үүрэг болголоо.
 
Харин дээрх байгууллагуудаас нэгтгэсэн дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар хагас, бүтэн жилээр хэлэлцүүлэн, дүгнүүлж ажиллахыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунд даалгалаа. Захирамжийн биелэлтээр нийслэлийн дүүрэг, хороо бүрийн эрүүл аюулгүй байдлын индексийн үзүүлэлт жилд 2 удаа гарч, холбогдох албаныхны анхаарч ажиллах салбар, чиглэл тодорхой болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.