Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай

2013-11-14 00:00:00
2013 оны 11 сарын 14 өдөр                                            дугаар А/995                                            Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, “Газрын тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө болон бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 730 дугаар  захирамжаар  Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанд эзэмшүүлсэн оюутны хотхоны зориулалттай 287500 м2 газрын газар эзэмших эрхийг Барилга хот байгуулалтын яаманд шилжүүлэн баталгаажуулсугай.

2.Газар эзэмших эрх нь баталгаажигдсан байгууллагатай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
3.Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 730 дугаар захирамжийн 25 дахь заалтын  Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргаанд хамаарах хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                              Э.БАТ-ҮҮЛ