Дугаарын хязгаарлалтыг зогсоох эсэх албан ёсны шийдвэрийг НИТХ-аас гаргана

2013-11-18 00:00:00
Хүйтний улирлад дугаарын хязгаарлалтгүй болох талаар нийслэлийн иргэдээс 2013 оны 11 сарын 13-наас эхлэн 48 цагийн турш санал авлаа. Санал асуулгыг НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn, www.facebook.com/ub.gov цахим хуудас  болон Замын цагдаагийн газрын stop.mn сайт, facebook /Замын-Цагдаагийн-Газар/ хаягаар, news.mn, gogo.mn, olloo.mn, medee.mn sudalgaa.mn сайтуудаар мөн “Улаанбаатар сонсож байна” нийслэлийн лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан Мобикомын 100 мянган хэрэглэгчийн дунд мессежээр авсан юм. Мэдээллийн сайтууд болон цахим хуудсуудаар авсан  санал асуулгын дүнг үүрэн телефоны утас ашиглан мессежеер авсан санал асуулгатай нэгтгэх ажил үргэлжилж байна.  НИТХ-ын 2012 оны 2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын зарим гудамж замуудад тээврийн хэрэгслийг улсын дугаарын ялгавартайгаар хөдөлгөөнд оролцуулдаг болсон юм. Тиймээс дугаарын хязгаарлалтыг зогсоох эсэх шийдвэрийг нийслэлийн иргэдээс ирүүлсэн санал асуулгын нэгдсэн дүнг үндэслэн НИТХ-аас гаргана. Харин шийдвэр гарах хүртэл дугаарын хязгаарлалт урьдын адил мөрдөгдөнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.