Гэр хорооллын намагтай гудамжийг тохижууллаа

2013-11-06 00:00:00
Гэр хорооллын иргэд амьдарч буй орчноо сайжруулах санаачилга гарган, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоо өөрсдөө бүрдүүлж  бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож эхэлсэн. Энэ ажлын эхлэлийг Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад хэрэгжүүлж байгаа юм. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны Сэлбийн 46-р гудамжийг Улаанбаатар хотын Дарь-Эх цайз дахь ажлын алба, 21-р хорооны оршин суугчид “Талын сэтгэл нөхөрлөл” ТББ хамтран тохижуулж  хүлээлгэж өглөө. Энэхүү тохижилтын ажлыг АНУ-ын Азийн сангийн “Гэр хорооллын иргэдийн санал санаачилгыг дэмжих сан”-гаас санхүүжүүлсэн юм. Тохижилтын ажлын хүрээнд тухайн хорооны намагтай гудамжийг сонгон авч 140 см хайрга асгаж,  тэгшлэн, явган хүний зам тавьж, мод тарин, хогийн сав, сандал байршуулан, гэрэлтүүлэг хийж камер суурилуулсан байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.