Нийслэлийн төсвийн төсөлд санал авах хуудсыг өрх бүрт тарааж байна

2013-11-06 00:00:00
Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Иргэний оролцоотой төсөв-2014”  хэлэлцүүлэг албан ёсоор эхэллээ. Хэлэлцүүлгийг анкетын асуулга, цахим асуулга, хороодын шууд хэлэлцүүлэг гэсэн 3 төрлөөр зохион байгуулах бөгөөд 11 сарын 5-ны өдрөөс эхлэн санал авах хуудсыг нийслэлийн өрх бүрт тарааж байна. Дүүргийн хороодод явагдах хэлэлцүүлгийн санал авах хуудсыг хэсгийн ахлагч нар өрх бүрээр тарааж энэ сарын 8, 9–нд буцаан цуглуулна. Өрх бүрийн өгсөн саналыг тухайн хороон дээр автомат машинд уншуулан тоолж дүнг нэгтгэх юм. Иргэдээс гарсан санал хүсэлтийг эрэмбэлэхдээ тухайн хорооны эрүүл аюулгүй байдлын индекс, индексийг сайжруулахын тулд  авах хариу арга хэмжээ, нийслэлийн гэр хорооллын амьдрах орчны газрын зураглалын дагуу хэрэгжүүлэх боломжит бүх хувилбаруудыг тооцож  үзэх юм.  Дараа нь хороо бүр дээр шууд хэлэлцүүлэг зохион байгуулснаар хэлэлцүүлгийн асуулгын нэгдсэн дүн гарч нийслэлийн 2014 оны төсвийн төсөлд тусгаж, ажил хэрэг болох боломж бүрдэх  юм. Тиймээс Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаа өрх бүр нийслэлийн ирэх оны төсвийн төсөл, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтад саналаа өгч, амьдрах орчноо сайжруулж, эрүүл аюулгүй хот бүтээхэд бодитой хувь нэмрээ оруулахыг уриалж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.