Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содномыг “Чингис хаан” одонгоор шагналаа

2013-11-04 00:00:00

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Эрхэм УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ээ,

Монгол төрийн дээд шагнал Чингис хаан одонг Монголчууд бидний бахархал Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөсөө гардан авч байгаадаа туйлын их талархаж байна. Дэлхий дахинд мянганы хүн гэж үнэлэгдсэн Чингис хааны агуу их ухаан, мэргэн бодол, мятаршгүй хүчин зүтгэл, монгол тулгатныг нэгтгэж, дэглэм журмыг сахиулж чадсанаараа дэлхийн талыг эзлэн эмхэтгэж, монголчуудын хаан бахархал болсон билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Таны санаачилгаар бахархлын өдөр бий болгон тэмдэглэдэг болсон нь түүхээ мэдэж, түүнээс сургамж авч байхыг бодолцсон чухал ач холбогдолтой юм.Монголчууд бид Их Эзэн Чингис хаанаараа, түүхээрээ, өвөг дээдсээрээ, эх орноороо бахархдаг. Бид хажуунаас нь харж бахархагч нар байх биш. Хүн бүхэн бахархууштай үйлсбүтээж буйгаа үнэлж дүгнэж чаддаг, юу бүтээхээ төлөвлөн хөдөлмөрлөж, нөхдөөсөө үлгэр авч амьдарвал монгол тулгатан, Монгол Улс улам илүү хөгжих болно. Бид өнгөрсөн ХХ зуунд эх орныхоо тусгаар тогтнолыг сэргээн бэхжүүлжиргэд маань эрүүлжиж, боловсролтой болсон. Энэ бол бахархал юм. Өнөө үед улс төр, нийгмийн тогтолцоог боловсронгуй болгохын төлөө үр бүтээлтэй хөдөлмөрлөж байгаа төр, нийгмийн зүтгэлтнүүд, өдөр тутмын уйгагүй хөдөлмөр зүтгэлээрээ баялгийг бүтээж, үр хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлж байгаа эгэл жирийн идэвхтэй хөдөлмөрч иргэд, сум, аймаг, улсын хөдөлмөрийн алдар цолтой аваргууд, Монгол Улсынхаа нэр төрийг өндөрт үнэлүүлж байгаа соёл урлаг, биеийн тамирын алдартнуудэдийн засаг, нийгмийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж байгаа бизнес эрхлэгчид, шинжлэх ухааны зүтгэлтэн нараараа бахархаж, тэднийхээ гавьяаг үнэлж, үлгэр авч чаддаг байх нь эрхэм зүйл.
            Би туулсан амьдралынхаа тухай бичсэн дурсамжийн болон бодол эргэцүүллийн номоо эргэн сөхөж ажил амьдралын түүхээсээ хүүхэд, залуу үеийнхэнд бахархах, үлгэр авах өчүүхэн боловч юу бүтээлцсэн билээ гэж бодох болсон юм. Би өөрөөрөө гэхээс олон жил хамт амьдарч, сурч, хөдөлмөрлөж байсан хүмүүсээрээ бахархаж байна.
            Намайг төрөхөөс 13 нас хүртэл халамжилж өсгөлцсөн, 1944 оны мичин жилийн зуднаар шуурганд уруудаж улсын хил давах дөхсөн 70 гаруй мянган адууг олон хоног тогтоон барьж чадсанаараа “Их говийн зоригтон” гэж цоллогдсон Дорноговь аймгийн Өргөн/хуучны Баянмөнх/ сумынхаа уугуул иргэд, одоо Аргалын-Уул хэмээх говийн их хайрхандаа амьдарч байгаа тэдний үр удмынхнаар бахархдаг юм.
            Сангийн яам намайг 1946-1949 онд харьяа Санхүүгийн техникумдаа, мөн тухайн үеийн ЗХУ-ын Эрхүү хотын Санхүү эдийн засгийн дээд сургуульд нэр дээрээ суралцуулан санхүүч мэргэжилтэй болгож, байцаагч-нягтлан бодогчоос Яамны сайдаа хүртэл албан тушаалд ажиллуулж, ажил амьдралын туршлагатай болгож, сургаж хүмүүжүүлсэн билээ. Сангийн яамны ахмад ажилтнуудын улсынхаа санхүүг бэхжүүлж байсан гавьяаг би бахархан дурсдаг.  
            Социалист нийгмийн үе 1969-1990 онд Улсын төлөвлөгөөний комисс буюу Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлыг хариуцсан Төрийн төв байгууллага, мөн Засгийн газрыг удирдан ажиллах үед Монгол Улсад бүтээн байгуулалтын оргил үе болж байсныг эргэн санахад бахархмаар байдаг. Тэр үеийн Улсын төлөвлөгөөний комисс болон түүний харьяа Эдийн засгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн чадварлаг,хөдөлмөрч хамт олны боловсруулсан “Монгол Улсын Үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлжбайршуулах схем” нэртэй Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн урт хугацааны бодлого төлөвлөгөө, чанартай боловсруулсан төсөл, техник эдийн засгийн үндэслэлүүд нь Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааг шинэ шатанд гаргах, социалист гэж байсан улсууд, ялангуяа ЗХУ-ын зүгээс БНМАУ-д үзүүлэх эдийн засгийн тусламжийн хэмжээг 1975-1990 онд олон арав дахин нэмэгдүүлж, манай улсад урьд хэзээ ч байгаагүй өргөн далайцтай их бүтээн байгуулалтыг өрнүүлэх нөхцлийг бүрдүүлсэн нь одоо бодоход бахархмаар ажил болсон байдаг. 

 
Эх сурвалж: http://www.president.mn