Цахилгаан, дулаан, устай холбоотой асуудлыг 24 цагийн турш хүлээн авч, шийдвэрлэдэг болно

2013-11-01 00:00:00
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 10 сарын 31-ний ээлжит хуралдаанаар “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын төв байгуулах” асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод дулаан, цахилгаан, ус сувгийн сүлжээтэй холбоотой иргэдийн санал, хүсэлт, гомдлыг холбогдох газрууд нь мэдээллийн төв дээр хүлээн авч шийдвэрлэж байгаа бол  замын хөдөлгөөний ачаалал, зөрчил, ослыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллаж байна. Эдгээр тусдаа ажиллаж байгаа шуурхай мэдээллийн төвүүдийг нэгтгэж нэгдсэн нэг удирдлагаар хангах шаардлагатай байгаа тул “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын төв” байгуулахаар төлөвлөсөн гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер мэдээлсэн. Уг төвийг байгуулснаар иргэд  цахилгаан, дулаан, ус сувгийн сүлжээ, замын хөдөлгөөний ачаалал, зам засвар, шинэчлэлт, халтиргаа гулгаатай холбоотой асуудлаар утсаар дуудлага өгч, дуудлагын дагуу  хугацаа алдалгүй шийдвэрлэн, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болно гэж албаныхан үзэж байгаа юм. Дэлхийн ихэнхи улс орнууд энэ төвийг байгуулсан байдаг бөгөөд АНУ-д гэхэд шуурхай удирдлагын төв нь 911 утсаар дуудлага хүлээн авч иргэдийнхээ асуудлыг шийдвэрлэдэг.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Шуурхай удирдлагын нэгдсэн төв ажиллах нь маш олон давуу талтай. Манай иргэд замын хөдөлгөөний ачаалал, халтиргаа гулгаа, дулаан, цахилгаан гээд дуудлага өгөх шаардлагатай үед олон газар руу залгаж хугацаа алдахгүй. Удирдлагын төв рүү залгаад л асуудлаа шийдвэрлэх боломжтой болно гэсэн үг. Энэ нь ч бусад хөгжингүй орны иргэддээ үйлчилж байгаа нэг жишиг үйлчилгээ” гэж онцлон хэллээ.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд “Улаанбаатар хотын Нийтийн үйлчилгээний шуурхай удирдлага, зохицуулалтын төв байгуулах” асуудлыг дэмжиж, мэдээлэл хүлээн авах системийг боловсронгуй болгон, сайжруулаад Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.