Үүргээ биелүүлээгүй “Ханын материал” ХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болголоо

2013-11-01 00:00:00
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 10 сарын 31-ний өдөр болж  “Ханын материал ХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд   асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулсан юм.
“Ханын материал” ХК нь нийслэлийн Засаг даргын 2009 оны 358-р захирамжаар СХД-ийн 6-р хорооны нутаг дэвсгэрт 200644 мкв хэмжээтэй газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх авчээ. Энэхүү захирамжийг үндэслэн тус газарт 0229105 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож 31/0049 тоот газар эзэмшүүлэх гэрээг нийслэлтэй хамтран байгуулсан байна. Гэрээний 2.2, 2.3-д зааснаар газар эзэмшигч нь улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор 2.207.084 төгрөгийг нийслэлд төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээ байгуулсан цагаас хойш “Ханын материал” ХК нь нэг ч удаа газрын төлбөрөө төлөөгүй байна. 2013 оны 4-р улирлын байдлаар тус компани нь газрын төлбөрт 137.823.144 төгрөг, алдангид 17.656.822 төгрөг,нийт 155.479.966 төгрөгийг нийслэлд төсөвт төвлөрүүлэх шаардлагатай юм. Газрын төлбөрийг цаг тухайд нь төлүүлэх талаар 2009, 2010, 2012 онд нийслэлийн Газрын албанаас шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд шүүх нэмэмжлэлийг хангаж тус тус компаниас 2009 онд газрын төлбөр болон алдангид 102.509.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч одоо болтол биелүүлээгүй байна. Тиймээс газар эзэмших гэрээний холбогдох заалтыг удаа дараа зөрчин газрын төлбөрөө төлөөгүй, түүгээр ч барахгүй шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тус компанид гэзэр эзэмших гэрээний холбогдох заалтыг үндэслэн газар эзэмших эрх олгосон нийслэлийн Засаг даргын 2009 оны 358 тоот захирамжийн “Ханын материал” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Газар эзэмшүүлэх гэрээг цуцалж, газар чөлөөлөх, газрыг нөхөн сэргээж, засаж сайжруулах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх саналтай байна” нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат мэдээллээ.
“Ханын материал” ХК нь одоогоор газрын төлбөрөө төлж барагдуулах боломжгүй гэдэг нь тодорхой байгааг албаныхан дурдсан. Учир нь тус компани 8 удаагийн шүүхийн шийдвэрээр 7 байгууллагад 13.5 тэрбум төгрөгийн өглөгтэй болохыг нотолж, төлбөрийг хариуцагч Ханын материал ХК-иас гаргуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хэлэлцээд “Газар эзэмших гэрээг зөрчиж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа “Ханын материал” ХК-д холбогдох газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох нийслэлийн Засаг даргын захирамж гарган, тус газрыг нөхөн сэргээж, засварлах” шийдвэр гаргалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.