"Шар хантаазтан"-ууд Хонконг, Сингапурт аялна

2013-10-29 00:00:00
Нийслэлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Засг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран Шилдэг багш, Тохижилт үйлчилгээний ажилтныг шалгаруулан, шагнах үйл ажиллагааг зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга шагнал гардуулах үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр нийслэлийнхээ тохижолт, цэвэр цэмцгэр байдлын төлөө өглөөнөөс орой болтол хичээнгүйлэн зүтгэдэг Тохижолт үйлчилгээний ажилтан, нийслэлийнхээ ирээдүйн эздийн төлөө ажилладаг ЕБС-ийн багш нараа шагнаж, урамшуулах гэж байгаадаа их таатай байна. Нийслэлийн өдөр гэдэг хэн нэгэн дарга нарын баяр биш. Энэ бол Улаанбаатар хотынхоо хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байгаа манай эгэл жирийн иргэдийн баяр юм шүү. Та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлээд сайн сайхныг хүсье” гэж онцлон хэллээ. Улаанбаатар хотын ЗАА-наас дүүргүүдийн дунд 7-р сараас 10-р сарын хооронд “Хоггүй хот, хоггүй хороо” болзолт уралдаан зарласан юм. Тус уралдааны шилдгээр шалгарсан дүүргийн ЗДТГ-т өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулсан бол шилдэг ажилтан болсон ТҮК-ийн 18 ажилтныг Хонконг, Сингапур улс руу аялах эрхийн бичгээр шагналаа.
1-р байранд Сүхбаатар дүүрэг 5,000,000 төгрөг
2-р байранд Чингэлтэй дүүрэг 3,000,000 төгрөг
3-р байранд Баянгол дүүрэг  1,000,000 төгрөг
Харин зам талбайн 9 үйлчлэгч, 5 жолооч, 4 ачигч Хонгконг, Сингапур улсруу аялахаар болсон юм. Нийслэлийн Засаг даргын А/399 тоот захирамжаар “Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам”-ыг баталсан. Энэ нь багш нарын ажил хөдөлмөрийг оновчтой үнэлэх боломж бүрдсэн бөгөөд бусдаа манлайлан ажилласан дунд ангийн 83, бага ангийн 65, цэцэрлэгийн 30 нийт 178 багшийг 335 сая төгрөгөөр шагнасан юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.