Хүүхдэд ээлтэй байгууллагууд тодорлоо

2013-10-28 00:00:00
Улаанбаатар хотыг хүүхдэд ээлтэй, хүүхдийн аюулгүй байдлыг хангасан хот болгон хөгжүүлэхэд нийслэлээс онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа юм. Тиймээс НИТХ, Монголын Сурагчдын холбоотой хамтран нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн хүүхдэд таатай үйлчилгээ үзүүлдэг, хүүхдийн оролцоог дэмждэг  байгууллагуудыг сонгож хүүхдүүдийн саналын дагуу шалгаруулан, өнөөдөр батламж гардууллаа.

НИТХ-ын хурлын дарга Д.Баттулга шалгарсан байгууллагуудад батламж гардуулан баяр хүргэхдээ, “Өнгөрсөн нэг жилд нийслэл хотод маш олон өөрчлөлт бий боллоо. Үүнийг дагаад иргэдийн сэтгэл өөрчлөгдөж, нийслэлээ гэх сэтгэл зүрхтэй болж байгаа нь анзаарагдаж байна. Одоо хог хаядаг, ногоон байгууламж гишгэлдэг хүн цөөрсөн. Бидний энэ зөв хандлага ирээдүй болсон хүүхэд багачуудад минь маш сайн үлгэр дуурайл болно. Ирээдүйгээ гэрэлтэй гэгээтэйгээр төсөөлж байгаа бол бид өнөөдөр хүүхдүүдээ сайхан орчин, сайн үлгэр үзүүлэх ёстой. Хүүхдийн төлөө хийсэн сайн үйлс бүхний чинь төлөө  та бүхэндээ нийслэлийн хүүхэд, багачуудын өмнөөс баярлаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.

Нийслэлийн 2013 оны хүүхдэд ээлтэй байгууллагаар хүүхэд бүрийн дуртай амтат бялуу хийдэг “Жүр үр” ХХК, хүүхдэд санхүүгийн боловсрол олгодог “Хас банк”, хурдан морь унаач хүүхдүүдэд зориулан даатгалын үйлчилгээ нэвтрүүлсэн “Практикал даатгал”, Өсвөрийн сурагч бэлтгэх Үндэсний хөтөлбөрийг 4 жил ивээн тэтгэсэн “Бадмаараг Өргөө” групп, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн “ЭМ-СИ-ЭС Коко Кола” компани, Сүхбаатар дүүргийн 52-р дунд сургууль, Хан-Уул дүүргийн "Цэцээ гүн" цогцолбор зэрэг нийт 14 байгууллага шалгарсан байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.