Тарьсан модоо арчилж, ургуулна

2013-10-18 00:00:00
Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-аас “Эко сургалт” зохион байгуулсан байна. Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэдийн оролцоог идэвхижүүлэх, мод тариад орхих биш арчлах, услах нь чухал болохыг сурталчлан таниулах зорилготой уг сургалтад нийслэлийн Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ болон хавар, намрын мод тарилтад оролцсон 32 байгууллага, аж ахуйн нэгжийн 700 орчим иргэн оролцлоо. Оролцогчид тарьсан модныхоо ургалтын явцтай танилцаж, цаашид хэрхэн арчлан ургуулах талаар мэргэжилтнүүдээс зөвлөгөө авсан юм. Мөн нийслэлийн өдрийг угтан НИТХ, НЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа “Улаанбаатар-Ногоон ирээдүй” аяны хүрээнд иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, цаг уурын өөрчлөлтийн эсрэг иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхий- Ногоон ирээдүй” зурагт хуудасны уралдаан зарласан. Уралдааны бүтээлийг 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 18:00 цаг хүртэл хүлээн авна гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс мэдээллээ.