Дүүргүүдийн онцгой анхаарч ажиллах салбарыг индексээр тогтоолоо

2013-10-18 00:00:00
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 10 сарын 17-ны өдөр болж, “Нийслэл, дүүргийн “Эрүүл, аюулгүй байдлын индекс”-ийн үзүүлэлт, матрицын танилцуулга”-ын талаар нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Нийслэлийн Засаг даргын ажлаа аваад гаргасан хамгийн анхны А/01 тоот захирамж нь “Эрүүл аюулгүй байдлын индексийг тооцох аргачлалыг батлах тухай” захирамж юм. Улаанбаатар хотод нарийвчилсан судалгаа хийж “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг хугацаа алдалгүй тогтоох талаар Засаг даргаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуунаар ахлуулсан ажлын хэсэг 2013 оны 1-р сараас эхлэн 9 дүүргийн 152 хороонд  ажиллаж, Хүрээлэн буй орчин, дэд бүтэц, Нийгэм ба хүний хөгжил, Эдийн засаг, санхүү, Засаглал гэсэн 4 бодлогын хүрээнд 42 үзүүлэлтээр судалгаа хийж, “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг тогтоожээ. Ажлын хэсэг нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, дүүргүүдийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон холбогдох хүмүүстэй хамтран ажилласан бөгөөд АУ-ын Доктор Н.Оюунбилэг зөвлөхөөр ажилласан юм. Индексийг тогтоохдоо нийслэлийн харъяа байгууллагууд, дүүргүүдээс нэгдсэн мэдээлэл авч, Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ, Эрүүл, аюулгүй гадна орчныг бүрдүүлсэн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эзлэх хувь, үйлдвэрлэлийн осол, гэмтлийн  тохиолдлын түвшин зэрэг нарийвчилсан үзүүлэлт бүр дээр анализ хийсэн байна. Харин үзүүлэлтийн дүнг дүүрэг бүрээр гаргахдаа 3 өнгөөр ялгасан бөгөөд ногоон өнгө хэвийн хэмжээг, шар өнгө дунд, улаан өнгө муу буюу онцгой анхаарах хэрэгтэйг зааж байгаа юм байна. Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун “Энэ ажил нь дүүрэг, хороодын Засаг дарга нарын иргэдийнхээ төлөө хэрхэн ажилласан бэ гэдгийг дүгнэх хамгийн гол шалгуур үзүүлэлт бөгөөд дүүргийн удирдлагууд чухам юун дээр анхаарч ажиллах хэрэгтэй вэ гэдгийг илүү тодорхой, бодитой болгож байгаа юм. Цаашид энэ ажлыг тогтмол хугацаанд давтамжтайгаар хийж байх нь чухал” гэдгийг онцлон хэлсэн юм. Харин ажлын хэсгийн зөвлөх Анагаах ухааны доктор Н.Оюунбилэг “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийг тогтооход үнэн бодитой тоо, судалгаа чухал. Гэвч зарим дүүрэг, агентлагаас ирүүлсэн мэдээлэл хоорондоо зөрж байснаас гадна энэ ажилд хойрго, хайнга хандаж байсан нь индексийг тогтооход хүндрэл учруулж байлаа. Тиймээс цаашид үүн дээр анхаарч ажиллах хэрэгтэй“ гэлээ. Мөн “Зөвхөн дүүрэг гэлтгүй нийслэлийн хэмжээнд үзүүлэлт тус бүр дээр индексийн түвшинг гаргасан нь нийслэл ямар түвшингээ ахиулж ажиллах шаардлагатайг илүү тодорхой болгосон. Жишээ нь Эрүүл, аюулгүй гадна орчныг бүрдүүлсэн  Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эзлэх хувь, Аюултай бүсэд оршин сууж буй айл, өрхийн тоог бууруулсан хувь, Өсөлтийн хоцрогдолтой хүүхдийн эзлэх хувь зэрэг үзүүлэлтэд ихэнхи дүүрэг улаан өнгө буюу муу гэсэн дүгнэлт авсан байгаа” гэсэн юм. Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд “Нийслэлд нэн шаардлагатай байсан томоохон ажлыг хийж хэрэгжүүлсэн ажлын хэсэгт нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлээд, үүрэгт ажилдаа хойрго хандан үнэн бодит мэдээлэл гаргахад саад учруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох”-ыг анхаарууллаа. Харин нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас нийслэл, дүүргийн “Эрүүл, аюулгүй байдлын индекс”-ийн шалгуур үзүүлэлтийн дагуу тогтоосон түвшинг суурь мэдээлэл болгон авч, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэл, дүүргийн Эдийн засаг, нийгмийн жил бүрийн зорилтыг хэрэгжүүлэхэд тухайн түвшинг сайжруулах талаар анхаарч ажиллахыг бүх шатны Засаг дарга, хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын дарга нарт үүрэг болгох шийдвэр гаргалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
Жич: Нийслэлийн Эрүүл аюулгүй байдлын индексийг дүүрэг бүр дээр тогтоосон түвшинг
зургаар танилцуулъя. /Ногоон өнгө- хэвийн, Шар өнгө- дунд, Улаан өнгө-Муу/