Эрчим хүчний алдагдлыг 20 гаруй хувиар бууруулжээ

2013-10-18 00:00:00
Дэлхийн Банкнаас 2001 онд эхлүүлсэн Улаанбаатар хотын долоон дүүрэг, зүүн хэсгийн гэр хороолол болон зарим аймгуудын төвийн цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх болон эрчим хүчний үйлдвэрүүдийн менежментийг сайжруулах төслийн үйл ажиллагаа дуусч байгаатай холбогдуулан НИТХ-ын дарга Д.Баттулга Дэлхийн банкны Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжлийн газрын Эрчим хүчний асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Петер Иохансенийг хүлээн авч уулзлаа.  
НИТХ-ын дарга Д.Баттулга “Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг сайжруулах, эрчим хүчний менежментийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах зорилгоор “Дорнод-1” дэд станцыг 6 кВ-аас 10 кВ-д шилжүүлж, Баруун 4 замын 35 кВ-ын шинэ дэд станцыг барьсан. Түүнчлэн УБЦТС ХК-ыг арилжааны хэлбэрт шилжүүлж Улаанбаатар хотод  “Хэрэглэгчдэд үйлчлэх төв” тавыг, Зуслангийн хэсэгт  “Хэрэглэгчдэд үйлчлэх танхим” нэгийг  байгуулсан байна. Төсөл хэрэгжсэнээр цахилгаан эрчим хүчний алдагдал 20 гаруй хувиар буурч, жилд дунджаар 7,5 тэрбум төгрөгийн үр ашгийг бидэнд өгсөн тооцоо байсан. Тиймээс дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн  энэ төсөл бол Монголд үнэтэй хувь нэмэр оруулсан төсөл болсон” гэдгийг онцлон хэллээ.
Цаашид “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн хүрээнд гэр хороолын цахилгаан хангамжийг сайжруулахад хамтран ажиллахыг Дэлхийн банкны Зүүн өмнөд Ази, Номхон далайн хөгжлийн Газрын эрчим хүчний ахлах мэргэжилтэн Петер Иохансенаас хүслээ. Дэлхийн банк энэ саналыг судлан хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.