Нийслэлийн ажилтан бүр хүүхдийнхээ зургийг ширээн дээрээ тавина

2013-10-16 00:00:00
Улс орны хөгжлийн ирээдүй болсон 16 настнууд хотын соёл, хүмүүжлийн “Эрүүл хотын иргэн та өөрөөсөө” сэдэвт сургалтанд хамрагдаж, андгай өргөлөө. Тус сургалтанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцож, сурагч хүүхдүүдтэй их хотын бүтээн байгуулалтанд тэдний оруулах хувь нэмэр болоод хотын соёлтой иргэн болж хүмүүжих талаар санал бодлоо солилцсон юм. Уг сургалтыг Эрүүл соёлтой хотын иргэн бүрийн үүргийг мэдүүлэх, нийгмийн хариуцлагатай байх ухамсрыг эзэмшүүлэх зорилгоор Монголын сурагчдын холбооноос санаачлан “Монголын хотуудын холбоо” ТББ зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн сургалтанд нийт 500 сурагч хамрагдсан бөгөөд дүүрэг бүрээс сонирхсон сурагчдыг сургалтандаа урьж байгаа юм байна. Нийслэлийн ЕБС-ийн 2500 сурагчдыг хамруулж байгаа тус сургалт 4 хоног үргэлжилэх бөгөөд оролцсон хүүхэд бүр хотын иргэний андгай өргөнө. Ингэснээр зорилготой иргэн болж, хотынхоо төлөө өөрийн хувь нэмрээ оруулж, аливаа харилцаанд орохдоо хэрхэн зөв харилцааг бий болгох уу гэдэгт хүртэл суралцах эхлэл хэмээн зохион байгуулагчдын зүгээс үзэж байна. Хотын дарга сурагчдад хандан ”Хүүхдүүд та бүхнийг сайхан хотод амьдруулж, хүүхэд бүхэнд миний сайхан хот гэсэн сэтгэгдэл төрүүлэх сайхан хотыг бүтээж өгөхийг хүсэж байна. Тиймээс Улаанбаатар хотын төлөө ажиллаж буй иргэн бүр хүүхдийнхээ зургийг ширээн дээрээ тавьж үргэлж тэднийхээ төлөө, сайхан ирээдүйг бий болгохын төлөө ажиллана. Хүүхдүүд та бүхэн ч гэсэн энэ хөтөлбөрт үр дүнтэй оролцон, найз нөхөддөө үлгэр дууриалал болж, сайхан хотоо бий болгоё” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.