Нийслэл мэдээллийн аюулгүй байдлыг хангах ерөнхий журамтай боллоо

2013-10-16 00:00:00
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгох, мэдээллийн сүлжээ, системийн найдвартай ажиллагаа, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, гаднаас болон дотоодоос учирч болох халдлага, аюул заналаас урьдчилан сэргийлэх, хор хохирол эрсдэл учирсан гэж үзвэл урьдчилан бэлтгэсэн заавар, журмын дагуу нэн даруй засаж, сэргээх, хариу арга хэмжээ авах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/477 дугаар тоот захирамжаар “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах” ерөнхий журам батлагдсан юм. Журам батлагдсантай холбогдуулан нийслэлийн Мэдээллийн технологийн газраас Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад журмыг танилцуулах сургалт, семинар  зохион байгууллаа. Сургалтад 33 харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байгууллагын үйл ажиллагаандаа энэхүү журмыг  хэрхэн мөрдлөг болгон ажиллах тухай мэдээлэл сонссон юм. Мөн энэ үеэр Үндэсний дата төвийн мэдээллийн аюулгүй байдлын аудитор Д.Цэнгүүнжав “Мэдээллийн аюулгүй байдал ба үндэсний Дата төвийн үйл ажиллагаа” сэдвээр танилцуулга хийлээ гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.