Хүүхдийн найрал дууны наадам эхэллээ

2013-10-11 00:00:00
“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит энэ уралдаанд Нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхэд багачууд оролцох бөгөөд анхан шатны шалгаруулалт  болж өндөрлөлөө. Анхан шатны шалгаруулалтыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Тэргүүний 5-р сургууль дээр очиж сонирхсон юм.  “Нийслэлийн 374 жилийн ой”-д зориулан 21 дэх жилдээ болж байгаа тус наадмыг Хөгжим судлаач Ч.Буянхишиг, Хөгжим бүжгийн Коллежийн тэнхимийн эрхлэгч Л.Баярмаа, Батлан Хамгаалахын Ихсургуулийн хөгжмийн багш Ц.Хонгорзул нар шүүж байна. Дүүрэг бүрээс шалгарсан  3 шилдэг хамтлаг   10 дугаар сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөх юм. Уралдааны шагналын сан 4,5 сая төгрөг бөгөөд 1-р байр эзэлсэн хамтлагийг  2 сая төгрөг, 2-р байр 1.5 сая, 3-р байрыг 1 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах юм.  Хотын дарга найрал дууны уралдааны үеэр “Бид бүхэн Нийслэлийн өдрөөр хүүхэд багачуудаа баярлуулахыг зорьж, ажиллаж байна. Нийслэл хотынхоо баярыг чимж, ая дуугаа өргөж байгаа сурагч хүүхдүүдээ баярлалаа, энэ олон сурагчдыг тэмцээн уралдаанд бэлтгэж буй багш нарт талархал илэрхийлье”  гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс  мэдээллээ.