Олимпийн гудамжид ирэх онд ус зайлуулах шугам нэмж барина

2013-10-10 00:00:00
Олимпийн гудамж буюу ГХЯ-ны баруун талаар ЗЦГ-ын уулзвар хүртэл үргэлжлэх 1 км авто замыг 2013 онд Нийслэлийн Автозамын газрын захиалгын дагуу шинэчлэхдээ ус зайлуулах шугам хийгээгүй, зөвхөн хучилтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажилласан. Уг замын борооны ус зайлуулах шугамын ажлыг 2011 онд Зэвсэгт хүчний барилгын цэргийн 017-р анги гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Зэт Эй Ди” ХХК-ийн хийсэн зураг төслийн дагуу замын баруун талаар 700 уртааш метр борооны ус зайлуулах шугам, 36 худаг барьсан хэдий ч усархаг борооны ачаалал даахгүй байна. Тиймээс ирэх онд уг замын зүүн талд ус зайлуулах шугам барихаар төлөвлөж байна. Уржигдар орсон усархаг борооны улмаас тус зам дээр их хэмжээний ус тогтсоныг Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс ус соруулах 4 машин гаргаж, сорууллаа гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.