Хүй долоон худагт олон нийтийн арга хэмжээ, баяр наадмыг тогтмол зохион байгуулна

2013-10-09 00:00:00
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу “Хүй долоон худаг”-т  “Монгол наадам цогцолбор” барьж ашиглалтад оруулахаар НИТХ-ын тогтоол гарсан. “Монгол наадам цогцолбор” барих ажлын хүрээнд энэ жилийн баяр наадмаас өмнө Хүй долоон худагт хоёр үйлчилгээний талбай, хатуу хучилттай 7000 автомашины зогсоолыг хийснээс гадна  361-ийн гармаас Хүй долоон худаг хүртэл 8,5 км автозам шинээр барьж ашиглалтад оруулсан юм. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор  “Монгол наадам” цогцолбор орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг тогтоосон  бөгөөд нийслэлийн Засаг даргын захирамжаар тус газрын бүтэц, орон тоог баталлаа.  Ингэснээр “Монгол наадам цогцолбор”-ын хүрээнд шинээр байгуулсан бүтээн байгуулалт хамгаалах, арчлах хариуцах эзэнтэй болж, Хүй долоон худагт  олон нийтийн арга хэмжээ,  баяр наадмыг тогтмол зохион байгуулах боломжтой болж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.