Барилгын зөвшөөрөл, газар олголт, тендерийн явцын талаар нээлттэй мэдээлдэг болно

2013-10-07 00:00:00
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 10 сарын 07-ны өдөр болж, нийслэлийн Засаг дарга зарим албан тушаалтнуудад үүрэг өглөө. 14 хоног тутам хуралддаг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг цаашид үр дүнтэй явуулахын тулд зарчмын зарим өөрчлөлтийг оруулах шаардлагатайг нийслэлийн Засаг дарга анхаарууллаа. Тэрээр “Дараагийн шуурхай зөвлөгөөнөөс эхлэн 14 хоног тутамд нийслэлд олгогдож буй барилгын зөвшөөрөл, газар олголт, худалдан авах ажиллагааны дагуу хийгдэж буй тендер, худалдан авалтын талаар Удирдах ажилтнууд болон олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй мэдээлье. Ингэснээр хэн гэж дарга хаана газар олгож, юу худалдан авсан, ямар тендерт хэн ямар шалгуураар ялсан зэрэг нь нийтэд ил тод болно” гэдгийг онцолсон юм. Мөн энэ үеэр “Төрийн албан хаагчид авлига, хээл хахуульд автаж, төрийн ажлыг цалгардуулан, нийтийн сайн сайхан, эрх ашгийг уландаа гишгэсэн үйлдэл гаргасан ямар ч албан тушаалтанд хатуу хариуцлага тооцно. Бид өөрсдийнхөө үр хүүхэд, ач, зээ нарт хот шиг хот хүлээлгэж өгөхийн тулд ажиллаж байна. Гэтэл үүнд “Хоноцын сэтгэл”-ээр хандаж, төрийн хууль, тогтоомжийг үл тоовол хамтран ажиллах шаардлагагүй” гэдгийг нийслэлийн Удирдах ажилтнуудад хатуу санууллаа. Нийслэлийн Засаг даргын үүргийн дагуу нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг явуулах шинэ журмыг нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны хэлтэс боловсруулж, 10 сарын 10-ны Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Харин нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнийг 10 сарын 14-нд буюу ирэх даваа гарагт хийхээр товлолоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.