2013 оны 09 сарын 06 өдөр дугаар А/840 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.г, 29.2, 29.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3, 33 дугаар зүйлийн 33.4, 60 дугаар зүйлийн 60.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэхь заалт, Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/644 дүгээр захирамж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Буянт Ухаа” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчин орон сууцны хороолол дунд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны А/223 дугаар захирамжаар иргэн Батаа овогтой Хишигтогтох, Намсрай овогтой Бадамдорж, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2012 оны А/309 дүгээр захирамжаар иргэн Равдан овогтой Нямдаваа нарт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тут тус газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болсонд тооцсугай.
2. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших гэрээг цуцлан, газар чөлөөлүүлж, газрыг нөхөн сэргээх, нийтийн эзэмшилд үлдээхийг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /М.Ням-Очир/, нийслэлийн Цагдаагийн газар /Д.Батжаргал/-т тус тус даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ