Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2020-12-11 09:05:27

2020 оны 12 сарын 11-ний өдөр                                     Дугаар А/1280                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн

байдлын зэргийг бууруулсантай холбогдуулан

хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.в, 29.1.6.ж, л, 29.2, 39 дүгээр зүйл, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11, 17 дугаар зүйл, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.5 дахь хэсэг, Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 209 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагаас шилжүүлсэнтэй холбогдуулан хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлэх үйл ажиллагааны жагсаалтыг хавсралтаар баталсугай.

 

      2.Нийслэлийн Онцгой комиссын даргын баталсан “Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар”, “Зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ын хэрэгжилтийг удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     3.Энэ захирамжийн хавсралтад зааснаас бусад худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спиртийн өндөр агууламж /18 хувиас дээш/ бүхий согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосугай.

 

     4.Бүх шатны боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг түр хаасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, харгалзах хүнгүй, гэртээ үлдсэн хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сургалтын хөтөлбөрийн дагуу теле хичээл, цахим сургалтыг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Ж.Гантулга/, нийслэлийн Нийгмийн халамжийн газар /Д.Мөнхбаяр/, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Ө.Ган-Өлзий/-т үүрэг болгосугай.

 

      5.Томуу, томуу төст өвчний тархалт болон коронавируст /Ковид-19/ халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн салбарын хүчин чадал, нөөцийн судалгааг дахин тодорхойлж, хүн хүчний нөөц бүрдүүлэх, эрсдэлийг бууруулах ажлыг тогтмол зохион байгуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, яаралтай тусламжийн болон байнгын бэлэн байдлыг хангаж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т үүрэг болгосугай.

 

     6.“Иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг QR код ашиглан бүртгэх систем”-ийг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад нэвтрүүлэн дагаж мөрдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Мэдээлэл, технологийн газар /О.Чинзориг/, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     7.Халдварын тохиолдол бүртгэгдсэн хороо, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн ажиллах горим, үйл ажиллагааны чиглэл, иргэдийн хөдөлгөөний хүрээ, хязгаарыг тогтоож, халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

 

     8.Улаанбаатар хотын авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор орж гарч байгаа зорчигчдын халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг чанд мөрдүүлж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/, Нийслэлийн Онцгой байдлын газар /Л.Баярсайхан/, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Г.Баярсайхан/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Ш.Цогбаатар/, Тээврийн Цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар /Д.Дашдорж/-т үүрэг болгосугай.

 

       9.Халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг баримтлан, үйл ажиллагаагаа тасралтгүй, хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагуудад зөвлөсүгэй.

 

     10.“Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаанд мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар”, “Зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлага”-ыг олон нийтэд мэдээлж, сурталчлах ажлыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Б.Батманлай/-т үүрэг болгосугай.

 

      11.Захирамжийн хэрэгжилтийг тухай бүр тайлагнаж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад, хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч /Ж.Сандагсүрэн/-д даалгасугай.

 

     12.Энэхүү захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1242, А/1251 дүгээр захирамжуудыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

 

                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                    ЗАХИРАГЧ                                   Д.СУМЪЯАБАЗАР