Зам тээврийн хөдөлгөөний хяналтыг 317 цэгт 641 алба хаагч хоёр ээлжээр хянаж байна

2020-11-23 11:45:02

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс  нийслэлээс гарах болон орох тээврийн хэрэгсэл иргэний зорчих хөдөлгөөнд Нийслэлийн мэргэжлийн хяналт, Онцгой байдал, Замын цагдаа, Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд хяналт тавин ажиллаж байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор үл хязгаарлалтад багтсан 13 аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эрүүл мэнд, гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийж буй 732 тээврийн хэрэгслээр 1402 зорчигч хот руу нэвтэрсэн байна. Харин 808 тээврийн хэрэгслээр 1619 зорчигч дээрх шалгаан, чиг үүргээр хотоос гарчээ.

Арваннэгдүгээр сарын 11-ний 03:00 цагаас өнөөдрийн /2020.11.23/ 08:00 цагийн хооронд нийт 16392 тээврийн хэрэгслээр 34215 зорчигч хот руу нэвтэрч, 14300 тээврийн хэрэгслээр 29138 зорчигч хотоос гарчээ. Нийслэлийн хэмжээнд гудамж, зам тээврийн хөдөлгөөний хяналт шалгалтыг 317 цэгт 641 албан хаагч хоёр ээлжээр хянаж үүрэг гүйцэтгэж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС