Газрын тухай шийдвэр гаргахад иргэд саналаа хүргүүлэх боломжтой

2013-08-30 00:00:00
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 08 сарын 29-ний өдөр боллоо. Хуралдаанаар Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай, Хүй 7 худаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан Нийслэлийн ЗДТГ-т аж ахуйн хашааны зориулалтаар 10 га газар эзэмшүүлэх тухай, Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай асуудал буюу  Замын цагдаагийн газар болон Авто хяналт ХХК нарын хооронд үүссэн газрын маргааны талаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа.
Танилцуулгад “Авто хяналт ХХК-д БЗД-ийн 25-р хороо “Миний зах” худалдааны төвийн зүүн талд нийслэлийн Засаг даргын 2011 оны 778 дугаар захирамжаар 3586м2 газрыг авто үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Харин НИТХ-ын 2002 оны 12 сарын 10-ны өдрийн 199 дүгээр тогтоолоор БЗД-ийн 25-р хороо Замын цагдаагийн газрын дэргэдэх түр саатуулах байрны үйл ажиллагааг өргөтгөх замаар техникийн засварын бүх төрлийн  үйлчилгээ үзүүлэх, журамлагдсан тээврийн хэрэгслийн бүрэн байдалд үзлэг, оношлогоо хийх зориулалттай техникийн үзлэг оношлогооны лабораторийг байгуулж ажиллахыг УБ хотын Ерөнхий менежер Т.Бадамжунай, Замын цагдаагийн газрын дарга Ц.Амгаланбаяр нарт даалгажээ. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 778 дугаар захирамжаар “Авто хяналт” ХХК-д газар эзэмшүүлсэн байдал нь НИТХ-ын 2002 оны 199 дүгээр тогтоол болон 2003 оны 2 сарын 05-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээ, хамтран ажиллах гэрээний зүйл заалтуудыг зөрчсөн байна. Иймээс газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчин дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр газар эзэмших эрх олгосон нь нийслэлийн Засаг даргын 2011 оны 09 сарын 27-ны 778 дугаар захирамжийн “Авто хяналт” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгож,  Замын цагдаагийн газарт 1984 оноос хойш одоог хүртэл ашиглаж байгаа 3586м2 газрыг баталгаажуулж шийдвэрлэх нь зүйтэй” гэж дурдлаа.
Удирдлагын зөвлөлийн гишүүд хамгийн гол нь Авто хяналт ХХК нь хөрөнгө оруулалтын гэрээ, хамтран ажиллах гэрээний зүйл заалтуудыг удаа дараа зөрчсөн учраас тус компанид холбогдох заалтыг хүчингүй болгож 3586м2 газрыг Замын цагдаагийн газарт баталжуулах захирамж гаргахаар тогтлоо.
Хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга “Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмших, ашиглах эрхийг олгодог. Ингэхдээ олон нийтэд ил тод байдлаар олгож байхыг зорьж ажиллаж байгаа. Хамгийн чухал нь газрын шийдвэр гаргахад иргэдийн оролцоог хангаж, тэдэнд санал хүргүүлэх эрхийг олгох хэрэгтэй. Өмнө нь хаалттай байсан ч одоо бүгд нээлттэй, ил тод болсон. Харин аливаа захирамж гарсаны дараа тухайн иргэн, хуулийн этгээд хууль ёсны эрх ашигт халдаж байна гэж үзвэл Засаг даргад хандах бүрэн эрх тэдэнд бий” гэж онцлон хэлсэн юм.
                  
  Хүй долоо худагт аж ахуйн зориулалтаар 10 га газрыг ашиглана
Хүй 7 худаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан Нийслэлийн ЗДТГ-т аж ахуйн хашааны зориулалтаар 10 га газар эзэмшүүлэх тухай асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа.
“Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт аж ахуйн хашааны зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хүй долоо худаг орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байршуулан 10га газрыг эзэмшүүлэх хүсэлт тавьсан. Тус газарт аж ахуйн агуулах, авто зогсоол, харуулын байрыг барихаар төлөвлөж байгаа” гэж мэдээллээ.
Нийслэлийн Засаг дарга тус 10 га газар нь Сонгинохайрхан дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан эсэхийг тодруулсан. Нийслэлийн ӨХГ-ын кадастрын хэлтсийн дарга Б.Батчимэг “Энэ оны төлөвлөгөөнд ямар нэгэн ажил төлөвлөгөөгүй байгаа” гэлээ. Ингэхээр Нийслэлийн ЗДТГ-т дээрхи газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэх боломжтой гэж үзэн захирамж гаргахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.