Гранд Плазагийн уулзварыг нээлээ

2013-08-27 00:00:00
Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө зорчих хэсгээ нээхээр төлөвлөсөн 8 замаас 2 замын хөдөлгөөнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд бүрэн нээлээ. Сөүлийн гудамжинд Гранд Плазагийн уулзвар, Хүчит шонхороос Хувьсгалчдын гудамж хүрэх 1.7 км авто зам буюу Далан давхраас баруун тийш шинээр тавих замын зорчих хэсгийг нээж, тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлж эхэллээ. Гранд плазагийн уулзварыг “Эн Эн Ти Эйн”ххк, Хүчит шонхороос Хувьсгалчдын гудамж хүрэх 1.7  замыг “Эко тогтол” ххк гүйцэтгэж энэ амралтын өдрүүдэд нээлээ. Чулуун-Овооноос Тролейбусны эцэс хүртэлх зам, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамж, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох авто зам ба автомашины нүхэн гарц, Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох авто зам, Нарны замын баруун хэсэгт Төмөр замын вокзалаас баруун тийш чиглэлийн зам дээр ажил эрчимтэй явагдаж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.