Бүгд Найрамдах Казакстан Улсын элчин сайдын яамны барилгын газрыг хот шийдвэрлэнэ

2013-08-27 00:00:00
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Каллибек Ибрагимович Кобландиныг хүлээн авч уулзлаа. Монгол улс БНКУ-тай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд тэр дундаа Улаанбаатар хот Астана хоттой сайн хөршийн харилцаатай ажиллаж ирсэн юм. Уулзалтаар элчин сайд, ноён Каллибек Ибрагимович Кобландин Монгол Улсад өөрийн Элчин сайдын яамны байрыг барихаар төлөвлөж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газарт хүсэлт тавьж,  дэмжлэг авснаа дуулгаад, Улаанбаатар хотод газрын асуудлыг шийдвэрлэж өгөхийг Хотын даргаас хүслээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө таныг манай улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсонд баяр хүргье. Өмнөх элчин сайдтай өнгөрсөн жил уулзахад энэ хүсэлтийг тавьж байсан ч манай улсын Засгийн газраас албан ёсны бичиг ирээгүй байсан учраас хойшлуулаад байсан юм. Харин энэ удаад тохиромжтой газрын асуудлыг хугацаа алдалгүй шийдвэрлэж өгнө” гэлээ. Элчин сайд “Баяртай мэдээ дуулгасан танд баярлалаа” гээд 2 хотын хамтын ажиллагааны дүнд БНКУ-ын Астана хотод Улаанбаатар хотын гудамжийг байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг энэ үеэр хэлсэн юм. Мөн энэ уулзалтаар Улаанбаатар хотод Астана хотын соёлын өдрүүдийг удахгүй хамтран зохион байгуулахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.