Хорооныхоо зураглалыг хэсгийн ахлагч нар гаргаж байна

2013-08-27 00:00:00
Нийслэлийн хороодын амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлыг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Азийн сантай хамтран зохион байгуулж байгаа билээ.  Энэ ажлын хүрээнд газарзүйн мэдээллийн системийн зураглал хийх техникийн багийн бүрэлдэхүүнийг багтаасан  сургалт зохион байгуулсан. Сургалтаар хороодын агаарын зураглалыг хэрхэн гаргах, хэсгийн  хил хязгаарыг үүсгэх, газарзүйн мэдээллийн системд өгөгдөл хэрхэн оруулах талаар  ерөнхий мэдээллийг өглөө. Эхний хэсэгт интернетийн эх сурвалжийг  ашиглан өндөр нарийвчлалтай  агаарын зураглал хийх талаар зааварчилгаа өгсөн бол хоёрдугаар хэсэгт хорооны хил заагийг харуулсан хотын мастер файлыг ашиглан хэрхэн хэсгийн хил заагийг үүсгэхийг заажээ. Сүүлийн хэсэгт хороодоос цуглуулсан тоо баримт мэдээллийг хүн амын нягтаршлаар нь газарзүйн мэдээллийн системийг ашиглан дүрсжүүлэх аргыг зааснаар техникийн багийнхан хороодын агаарын зураглалыг гаргасан байна. Өнөөдрөөс хэсгийн ахлагч нар хорооныхоо зураглал дээр ажиллаж эхэллээ. Ингэснээр  хороо бүр өөрийн гэсэн зурган мэдээлэлтэй болж, амьдрах орчноо сайжруулан хотын ерөнхий төлөвлөлтөд иргэдийн саналыг тусгаж өгөх боломж бүрдэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.