Нийслэлийн 76 хороонд иргэдийн оролцоотой газрын зураглал хийж эхэллээ

2013-08-27 00:00:00
Нийслэлийн хороодын амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой хийх сургалтыг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Азийн сангаас хамтран зохион байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Захирагчийн ажлын алба, Азийн сан, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд, Захирагчийн гэр хороолол дахь 10 ажлын албаны дарга, 76 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд сургалтанд оролцлоо. Иргэдийн оролцоотой хийгдсэн газрын зураглалаар дамжуулан иргэд оршин суугчид шийдвэр гаргах явцад идэвхтэй оролцох боломж бүрдэнэ.  Өөрөөр хэлбэл өөрийн оршин сууж буй хороондоо автобусны буудал, сургууль цэцэрлэг гэх мэт нийтийн үйлчилгээг хэрхэн авч, яг хаана барих боломжтойг газрын зураглалаараа дамжуулан гаргах юм. Газрын зураглал нь иргэдээс гадна орон нутгийн засаг захиргаа шийдвэр гаргах түвшний албан тушаалтан, газар, хэлтэс албадын ажилд дэмжлэг үзүүлэх гарын авлага болох бөгөөд цаашлаад  дүүрэг, хотын төлөвлөлт хийхэд ашиглах юм. Зураглал хийгдэж дууссаны дараа нийтийн үйлчилгээ хаана доголдолтой байдаг, шинээр шилжин ирэгсдийн үйлчилгээний хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх шаардлагатай нь тодорхой болно. Мөн хүн ам зүй, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, нийтийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх илүү дэлгэрэнгүй зураглалыг олж харах боломж бүрдэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.