Газар доорх сүлжээ скайнердах иж бүрдэл багажтай боллоо

2013-08-27 00:00:00
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2013 оны 8 сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн Орон сууцны Фонд бүрдүүлэх журам”-ын төсөл, Газар дээрх болон доорх шугам сүлжээ, барилга байгууламжийн байршил, хэмжээг тодорхойлох иж бүрдэл багаж хэрэгслийн тухай хэлэлцсэн юм. “Нийслэлийн Орон сууцны Фонд бүрдүүлэх журам”-ын төслийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа. “Орон сууцны Фонд бүрдүүлэх журам” нь НИТХ-ын 2008 оны 30-р тогтоолоор батлагдан мөрдөгдөж байсан. Гэвч Засгийн газрын 2013 оны 118-р тогтоолтой уялдуулан шинээр боловсруулах шаардлага гарчээ. Энэхүү журмын төсөл нь 6 зүйлтэй бөгөөд  журмын зорилго, эрх үүрэг, хүлээлгэх хариуцлагын арга хэмжээг тусгасан байна. Уг журмаар 2013 оны 118-р тогтоолоор Засгийн газрын үнэт цаасны санхүүжилтээр инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээг нь барьсан орон сууцны барилгын нийт талбайн тодорхой хувийг төрийн эзэмшилд шилжүүлэн авах юм. Ингэснээр нийгмийн эмзэг хэсэг, өндөр настан, төрийн албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцтай болгох боломжтой болно. Энэ  асуудалтай холбогдуулан журмын шинэчлэн боловсруулсан төслийг салбарын яаманд хүргүүлж, санал авахаар боллоо.
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал бол Газар дээрх болон доорх шугам сүлжээ, барилга байгууламжийн байршил, хэмжээг тодорхойлох иж бүрдэл багаж хэрэгслийн тухай танилцууллаа. Улаанбаатар хот өргөжин тэлж, хот байгуулалт, бүтээн байгуулалтын ажлын цар хүрээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулан газар доорх цахилгаан, дулаан, ус ариутгах татуургын шугам сүлжээний 26,5 хувийг тодруулах, мэдээллийн санд оруулах шаардлага гарч байна. Хот байгуулалтын мэдээллийн сангийн суурь зураг нь 1980-аад оны сүүлч хүртэл хэрэглэж байсан дэвсгэр зургийг 1999 онд тоон хэлбэрт хөрвүүлсэн зураг юм. Тиймээс  шугам сүлжээ мэдээллийн санд ороогүйгээс шалтгаалан улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлууд цаг алдах, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, дахин хийх зэрэг асуудлууд байнга гарч  байна. Энэ  асуудлыг шийдвэрлэх үүднээс орчин үеийн хэмжилт бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн иж бүрдэл тоног төхөөрөмжийн хөрөнгийг төсвийн тодотголоор шийдвэрлэжээ. Энэ төсвөөр газар доорх сүлжээ скайнердах иж бүрдэл, геодезийн хэмжилтийн төрлийн иж бүрдэл багаж, шугам сүлжээний мэдээлэл цуглуулах хэмжилтийн багажийг худалдан авснаа Ерөнхий төлөвлөгөөний газраас нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.