Хуурамч дугаар хэрэглэвэл хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ

2013-08-22 00:00:00
Энэ сарын нэгнээс замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам хэрэгжиж эхэлсэн билээ. Журмын дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаар эзэмшигчийн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлж байгаа бөгөөд одоогоор 10 мянга гаруй зөрчлийг бүртгэж, торгуулийн хуудас явуулжээ. Торгуулийн төлөлт 30 гаруй хувьтай байгаа бөгөөд жолооч нараас албан ёсоор гомдол гаргасан тохиолдол гаргаагүй. Харин зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцох үеэр хуурамч дугаар ашигласан 30 гаруй зөрчил илэрсэн байна. Тиймээс эдгээр дугаарыг хураан авч, хуулийн дагуу хариуцлага тооцсон гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. Мөн Улаанбаатар хотын гудамж замаар зорчиж буй улсын бүртгэлгүй, техникийн хувьд бүрэн бус, стандарт бус яндантай, зөвшөөрөгдөх хэмжээнээс их утаатай, илт өнгө үзэмжгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг нийслэлийн Засаг даргын захирамжаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.