Төв цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд орон сууцны батламж гардууллаа

2020-07-08 16:34:54

“Ковид-19” цар тахлын энэ үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй алба хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаа. Энэ хүрээнд эрсдэлтэй нөхцөлд ажилладаг Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн 10 ажилтанд өнөөдөр орон сууцны батламж гардууллаа. Батламжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, “НОСК” ХХК-ийн захирал Б.Сүхбаатар нар гардуулан өглөө.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ “Эрсдэлтэй нөхцөлд ажилладаг эрэлхэг залуусаараа бахархаж явдгаа хэлмээр байна. Дэлхий даяар дэгдэж буй цар тахлаас гадна Улаанбаатар хотын иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө өөрийн эрүүл мэндээ үл хайхран ажиллаж буй ажилтан, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд НЗДТГ, нийслэлийн Захирагчийн Ажлын алба, Ус сувгийн удирдах газар дуу нэгтэйгээр дэмжиж ажилласан. Тарж болохуйц аюулыг цэвэрлэж, байгальд саарал усыг хүргэж буй цэвэрлэх байгууламжийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Улсын Онцгой комисст тавьсны дүнд өнөөдөр орон сууцны батламжийг өгч байгаадаа баяртай байна” хэмээсэн юм.

Хортой нөхцөлд ажилладаг ажилтнуудын орчин нөхцөлийг сайжруулахаар 250 мянган метр куб багтаамж бүхий бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Энэ ажилд анхаарч ажиллаж буй Ус сувгийн удирдах газрын нийт ажилтан, алба хаагчдад талархаж байгаагаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэллээ.

Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн ажилтан Б.Оюунбаатар “Залуучуудаа дэмжиж, бидний нийгмийн асуудлыг анхааран шийдвэрлэж байгаад баяртай байна” гэсэн юм. Ус сувгийн удирдах газрын урьдчилан цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийн засварчин Т.Энхбаатар “Би байгууллагадаа зургаа дахь жилдээ ажиллаж байна. Миний хувьд түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж байгаад баяртай байна. Ус сувгийн удирдах газар болон НЗДТГ-ын нийт хамт олонд талархснаа илэрхийлье” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс