Коронавируст /КОВИД-19/ цар тахлын үед эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний тухай

2020-06-30 08:00:42

2020 оны 06 сарын 30-ны өдөр                                        Дугаар А/930                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Коронавируст /КОВИД-19/ цар тахлын үед

эдийн засгийг дэмжих зарим арга хэмжээний

тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5. в, 29.1.6. г, ж, л, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 92 дугаар захирамж, Улсын Онцгой комиссын 2020 оны 24, 25 дугаар хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 11 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Дэлхий нийтэд тархаж байгаа коронавируст /КОВИД-19/ халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ, PC тоглоомын газар, диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг түр зогсоосугай.

 

      2.Улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, ажиллагсдын үйл ажиллагааг дэмжих талаар Улсын Онцгой комиссын 2020 оны 24, 25 дугаар хурлаас өгсөн үүрэг чиглэл, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал хүсэлтийг судалсны дагуу энэ захирамжийн 1-д зааснаас бусад баар, биллиард, хүүхдийн зуслан, тоглоомын газар, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудад халдварын эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжлийн байгууллагын шаардлагыг хангуулан үе шаттайгаар нээхийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/616 дугаар захирамжаар байгуулагдсан Түр зөвлөл /Т.Гантөмөр/-д зөвшөөрсүгэй.

 

      3.Үйлчлүүлж байгаа иргэд болон ажилчдын биеийн халууныг шалгаж нэвтрүүлэх, гарыг тогтмол ариутгах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлэх, халдваргүйтгэлийг 2 цаг тутам хийх, үйлчлүүлэгчдийг олноор нэг дор байршуулахгүйгээр хоорондын зайг зохицуулж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмж, шаардлагыг мөрдөж ажиллахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад үүрэг болгосугай.

 

    4.Иргэн, хуулийн этгээдээс зохион байгуулах олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал, цуглааныг бүртгэхгүй байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/, дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

 

      5.Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод коронавируст /КОВИД-19/ цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн хяналтын үйл ажиллагааг буулгаж, ажлын тусгай горимоор ажиллаж байгаа байгууллагуудыг энгийн горимд шилжүүлсүгэй.

 

      6.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/616 дугаар захирамжийн 1-д заасан “бүх төрлийн баарны” гэснийг “диско болон бүжгийн баарны” гэж өөрчилсүгэй.

 

      7.Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, Нийслэлийн Онцгой байдлын газар /Ж.Чүлтэмсүрэн/, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/, Нийслэлийн Соёл, урлагийн газар /Ч.Бат-Эрдэнэ/, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /Н.Мандуул/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

 

      8.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т даалгасугай.


 

 

 

 

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХӨГЖЛИЙН

                        БОДЛОГЫН АСУУДАЛ ХАРИУЦСАН

                        НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ                                               Ж.БАТБАЯСГАЛАН