Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2020-06-10 08:00:05

2020 оны 06 сарын 10-ны өдөр                                          Дугаар А/801                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах

чиглэлээр хэрэгжүүлэх зарим

арга хэмжээний тухай

 

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “а”, “г”, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1, Архидан согтуурахтай тэмцэх тухай  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 64 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах бодлогын хүрээнд архи, согтууруулах ундааны хор хөнөөлийг олон нийтэд таниулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор “Архигүй орчин” аяныг 21 хоногийн хугацаатай зарласугай.        

 

      2.Архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулан сурталчлах, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж байгаа ахуйн архидалт болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсооход хамтран ажиллахыг нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа нийт иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалсугай.

 

     3.Архины хамааралтай, согтуурах донтой хүмүүсийг эмчлэх, шаардлагатай арга хэмжээ авах, архины хор хөнөөлийг ойлгуулах, архидан согтуурахтай тэмцэх талаар нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс /С.Мягмаржав/-т, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т;

 

      4.Архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулан сурталчлах, сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлж буй ахуйн архидалт болон гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, чиглэлээр тодорхой ажил зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газарт, ахуйн хүрээнд гарч байгаа архидалтыг бууруулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Цагдаагийн удирдах газар /Д.Ядамдорж/-т, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус үүрэг болгосугай.

 

      5.Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг   даргын   Хүний   хөгжил, нийгмийн  бодлогын   асуудал  хариуцсан   орлогч /Ш.Анхмаа/-д, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /А.Даваажаргал/-т, уг аяныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай.

 

      6.“Архигүй орчин” аяныг зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийн зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ц.Уртнасан/-т зөвшөөрсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

                                                НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                ХОТЫН ЗАХИРАГЧ                               С.АМАРСАЙХАН