“Улаанбаатар травэл экспо-2020” үндэсний аялал жуулчлалын цахим үзэсгэлэн зохион байгуулах тухай

2020-05-27 09:10:11

2020 оны 05 сарын 27-ны өдөр                                        Дугаар А/733                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“Улаанбаатар травэл экспо-2020”

үндэсний аялал жуулчлалын цахим үзэсгэлэн

зохион байгуулах тухай

 

 

        Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.а, 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.4.5, 1.4.6 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2019 оны “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг дүгнэх, 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай” 28/27 дугаар тогтоолын хавсралтын 1-32-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт бараа бүтээгдэхүүн нийлүүлж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг нэг цэгээс хэрэглэгчидтэй цахимаар уулзуулж, аялагч, амрагчдыг аяллын талаарх мэдээ, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “Улаанбаатар травэл экспо-2020” үндэсний аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг 2020 оны 05 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд зохион байгуулсугай.

 

      2.“Улаанбаатар травэл экспо-2020” үндэсний аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг хамтран зохион байгуулахад энэ захирамжийн хавсралтад заасан 10 400 000 /арван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг нийслэлийн 2020 оны төсөвт тусгасан “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв болох арга хэмжээ”-ний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.“Улаанбаатар травэл экспо-2020” үндэсний аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг зохион байгуулах арга хэмжээний удирдамжийг батлуулан, цахимаар зохион байгуулж, тайланг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар /С.Батбаатар/-т, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчилж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т, уг арга хэмжээний үеэр соёл, урлагийн тоглолт зохион байгуулахыг “Улаанбаатар чуулга” ОНӨТҮГ /Р.Мөнхсайхан/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

 

 

                                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                          БӨГӨӨД УЛААНБААТАР

                                                          ХОТЫН ЗАХИРАГЧ                            С.АМАРСАЙХАН