Нийслэлийн Түргэн тусламжийн төвд амны хаалт, халдвар хамгааллын хувцас хандивлалаа

2020-04-15 17:19:02

Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул болон Эерэг тэмүүлэл ТББ-ын байгууллагын төлөөллүүд өнөөдөр нийслэлийн Түргэн тусламжийн төвд ажиллалаа. Энэ үеэрээ 2000 ширхэг нэг удаагийн амны хаалт, 240 ширхэг N95 амны хаалт, 36 ширхэг халдвар хамгааллын хувцас, 36 ширхэг нүүрний хаалт хандивлав.

Эмнэлгийн парк шинэчлэл болон боловсон хүчний асуудлаар Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Иргэдийн амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж буй эмнэлгийн ажилтан албан хаагчдыг нийслэлийн удирдлагуудын зүгээс бүх талаар дэмжиж ажиллана” гэв.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эерэг тэмүүлэл ТББ-тай хамтран “Хот соёлтой болгоё” аяны хүрээнд “Эртэч Монгол” хөтөлбөрийг зохион байгуулжээ. Уг хөтөлбөрийг “Эрүүл Монгол 10.000 маск” уриатай хэрэгжүүлж буй бөгөөд эхний ээлжинд цугласан амны хаалт, халдвар хамгааллын хувцасыг ийнхүү гардуулж байгаагаа нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул хэллээ.

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдаш эмнэлгийн  үйл ажиллагаа болон Covid-19 халдварын үеийн бэлэн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөд, хүнд нөхцөл байдалд ажиллаж буй эмнэлгийн албан хаагчдыг дэмжиж хандив өргөж байгаад талархал илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ “Иргэд эрүүл мэндийн газраас өгч байгаа заавар зөвлөмжийг сайтар дагаж, хувийн болон ахуйн ариун цэврийг сайтар хангах хэрэгтэй. Эмч мэргэжилтнүүдийн зүгээс иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэх болно” гэдгийг онцолж хэллээ.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс