Нийслэлийн эзэмшилд буцаан авсан 11 гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн

2020-04-06 16:35:17

Өнгөрөгч 2019 онд Улаанбаатар хотын нийт 11 байршил буюу нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн байх ёстой газрууд нийслэлчүүдийн мэдэлд буцаж иржээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын 470444 га газар нутгаас нийтийн эзэмшлийнх нь ердөө 570 гаруй га талбай байдгийг ийнхүү 10-аад га-гаар нэмэгдүүлсэн хэрэг. Нийтийн эзэмшлийн гэх гудамж талбайнууд нидэр дээрээ хувийн өмчид байсны илрэл энэ. 

Тухайлбал, Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га талбайгаас эхлээд “Улаанбаатар” зочид буудлын өмнөх Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэн, Тагнуулын ерөнхий газрын байрны урдах Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэн, Улсын драмын эрдмийн театрын урд талын цэцэрлэгт хүрээлэн буюу Ю.Цэдэнбалын хөшөөтэй талбай, МУИС-ийн хичээлийн II байрны урдах Оюутны талбай, Хөрөнгийн биржийн урд талын авто зам гээд хотын төвийн А зэрэглэлийн алд газар, сул зай, нүх сүв болгоныг нэг эзэнтэй компанид эзэмшүүлчихсэн байсныг өнгөрсөн 2019 онд хотын Захирагч С.Амарсайхан цуцалж, нийслэлд буцаан авсан байна.  

Нийслэлийн эзэмшилд буцаан авсан 11 цэцэрлэгт хүрээлэнг танилцуулъя.

1.Сүхбаатарын талбайн урдах ХОНХТОЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Их жанжин Сүхбаатарын талбайн урд талын 2.5 га газрыг “Юү Би констракшн” ХХК-д орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний төвийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/364 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/344 тоот захирамжаар нийтийн эдэлбэрт авсан. Өдгөө тохижилт, ногоон байгууламжийн ажил хийгдэж буй.  

2.ХӨРӨНГИЙН БИРЖИЙН УРД ТАЛЫН АВТО ЗАМ

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж Хөрөнгийн биржийн урд талын 700 ам метр газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д банкны үйл ажиллагааны зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/563 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Машины орц, гарцыг хааж авто зам дээр газар олгосон байсныг ийнхүү цуцалсан юм.  

3.МУИС-ийн хичээлийн II байрны урдах ОЮУТНЫ ТАЛБАЙ

Сүхбаатар дүүргийн 8-р хороо, МУИС-ийн хичээлийн II байрны урдах Оюутны талбай буюу 0.12 га газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/571 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгов.

4.“Улаанбаатар” зочид буудлын өмнөх МОНГОЛ-ТУРКИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Сүхбаатар дүүргийн 8-р хороо, “Улаанбаатар” зочид буудлын өмнөх Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнгийн 1.08 га газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгосныг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/572 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болголоо.

5.УДЭТ-ын хойд талын Ю.ЦЭДЭНБАЛЫН ХӨШӨӨ БҮХИЙ ТАЛБАЙ

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Сөүлийн гудамж, УДЭТ-ын хойд тал буюу Ю.Цэдэнбалын хөшөө бүхий талбайн 0.4 га газрыг “Улаанбаатар капитал ББСБ” ХХК-д орчны тохижилттой, газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/1352 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон юм.

6.АСАШЁОРЮҮГИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жуулчны гудамж, ТЕГ-ын урд талын Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 2400 ам метр газрыг “Улаанбаатар хотын банк” ХХК-д орчны тохижилттой, олон давхар газар доорх граж бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/1351 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгов.

7.ТЭМЭЭТЭЙ ХӨШӨӨНИЙ БАРУУН ТАЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Хан-Уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат буюу тэмээтэй хөшөөний баруун талын цэцэрлэгт хүрээлэнгийн 2194 ам метр газрыг “Номин холдинг” ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгосон байсныг нийслэлийн Засаг даргын 2019 оны А/562 тоот захирамжаар эрхийг нь хүчингүй болгосон. Өдгөө тус газарт ногоон байгууламж, тохижилтын ажил хийж буй.  

8.ТӨМӨР ЗАМЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Баянгол дүүргийн 4-р хороо, Вокзалын арын цэцэрлэгт хүрээлэнгийн газраас Авлигатай тэмцэх газарт ажилчдын орон сууцны орон сууцны зориулалтаар 2300 ам метр газрыг эзэмших эрх олгожээ. Үүнийг 2019 оны Нийслэлийн Засаг даргын А/1073  тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, 1.6 га талбайг “Улаанбаатар төмөр зам” ХНН-т Цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар эзэмшүүлж, тус байгууллагын хөрөнгө оруулалтаар тохижилт, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн.  

9.ХУУЧИН ХОККЕЙН ТАЛБАЙН ГАЗАР

Баянзүрх дүүргийн 4-р хороо, Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд хуучин Хоккейн талбай байсан 1.8 га газрыг тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт спорт цогцолборын зориулалтаар эзэмших эрх олгожээ. Гэвч эзэмшил газраа 10-аад жилийн турш ашиглахгүй орхигдуулаад байсан тул Нийслэлийн Засаг даргын А/1024 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, тус байршилд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн спорт талбай байгуулах болсон. Өдгөө бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна.

10.“ДИПЛОМАТ 95” ОРОН СУУЦНЫ АРЫН ТАЛБАЙ

Чингэлтэй дүүргийн 4-р хороо буюу “Дипломат 95” орон сууцны хойд талын 2000 ам метр газрыг Гадаад хэргийн яамны ажилчдын орон сууцны зориулалтаар эзэмших эрх олгожээ. Гэвч барилгын ажлыг эхлүүлэхээр суурийн нүх ухсанаас хойш 6 жил болсон тул нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн жил газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тус газрыг ногоон байгууламж, орчны гэрэлтүүлэг бүхий цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан.

11.БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ЗҮҮН ТАЛЫН ТАЛБАЙ

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд хааны ордон музейн Өвлийн ордны зүүн талын 1.4 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, иж бүрэн тохижилтын зориулалтаар “Ван трейд” ХХК-д эзэмших эрх олгожээ. Гэвч эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглахгүй 6-7 жил болсон тул нийслэлийн Засаг даргын А/439 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож, тус газарт Богдын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил үргэлжилж байна. Монголын шашин, төрийн түүхэнд хүндтэй гавьяа байгуулсан Богд хааны хөшөө баримлаас эхлээд нийт 13 хөшөө дурсгал задгай тэнгэрийн доорх энэхүү музейд сүндэрлэх юм.