Иргэн Э.Сайханбат нийгмийн хариуцлагын хүрээнд амны хаалт, гар ариутгагч хандивлалаа

2020-02-28 16:47:05

Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэхээр өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, иргэдийн эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах үйлсэд гар бие оролцож байгаа албан хаагчдад иргэдийн зүгээс амны хаалт, санитол зэрэг хэрэгцээт зүйл хандивлаж өөрсдийн тус нэмрээ оруулж байна. 

Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Хан-уул дүүргийн иргэн Э.Сайханбат нийгмийн хариуцлагын хүрээнд 1000 гаруй амны хаалт, гар ариутгагч гелийг хүлээлгэн өглөө. Тэрбээр хэлэхдээ “Дэлхийн хэмжээнд тахал болоод буй халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн хэмжээнд бүх шатандаа зохион байгуулалттайгаар арга хэмжээнүүд авч ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд манай гэр бүлийн зүгээс ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа албан хаагчдад талархаж байна” хэмээн хэллээ.

НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн албан хаагчдад сэтгэлийн тусламж үзүүлж буйд талархал илэрхийлээд, түүний хандивласан амны хаалт болон гар ариутгагч гелийг нийтийн тээврийн болон тохижилт үйлчилгээний зэрэг олон нийттэй шууд харьцаж байгаа албан хаагчддаа тараана хэмээн хэллээ.

Иргэн Э.Сайханбатын хувьд хуульч мэргэжилтэй бөгөөд хувиараа бизнес эрхэлдэг байна. Тэрбээр өнөөдөр Хан-уул дүүргийн Цагдаагийн газарт болон Прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчдад амны хаалт, гар ариутгагч гелийг хандивлажээ.

“Covid-19” буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд төр, захиргааны байгууллагын  6000 гаруй албан хаагч эргүүл хийж, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэж ажиллаж байна.

 Нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс