Хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн ЭМТ-д ажиллав

2019-12-31 14:14:28

Хүйтний эрч чангарч, ханиад томуугийн дэгдэлт нэмэгдэж байгаа энэ цаг үед хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа. Чингэлтэй дүүргийн ЭМТ-ийн Хүүхдийн тасаг үндсэн 80 ортой ба нэмэлтээр хүүхдийн тасгийн сэргээн засах эмчилгээний өрөө, тоглоомын өрөөг суллаж 22 ор, мэдрэл, уламжлалт, хөнгөвчлөх эмчилгээний тасгийг суллаж 58 ор, дотрын 1 дүгээр тасгийн 50 орыг хүүхдийн тасагт шилжүүлэн нийт 210 ортойгоор хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээ үзүүлж байна. Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийг хүүхдийн 3 дугаар тасаг, дотрын тасгийг хүүхдийн 4 дүгээр тасаг болгон зохион байгуулж, амбулаториос эмч, сувилагч татан ажиллуулж байгаа бөгөөд  өнөөдрийн байдлаар хүүхдийн тасагт нийт 162 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хотын захирагч хэвтэн эмчлүүлж байгаа хүүхэд, эцэг эхчүүдийн санал бодлыг сонсож, эмнэлгийн ажилтнуудад эмчилгээ үзүүлэхэд тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлтэй нөхцөл байдлыг сонслоо.

Хотын захирагч С.Амарсайхан “Ханиад томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор эмч эмнэлгийн ажилтнууд та бүхэн эмчилгээ үйлчилгээгээ чанартай хүргэхэд илүүтэй анхаарч ажиллаарай. Эмнэлгийн ажилтнуудын зүгээс утлагын эм бодис дууссан гэдгийг хэлж байна. Нөхцөл байдал ямар байгааг ойлгож байгаа ч  эмнэлгийн удирдлагууд зохион байгуулалтын ажлаа илүү сайжруулж, эм тариа, бодис тасалдахгүй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллах шаардлагатай байна. Өвдсөн хүүхэд багачууд, тэдний эцэг, эхчүүд аврал эрээд эмнэлэгт ирж байхад эм тариа байхгүй гээд сууж байж болохгүй” хэмээгээд нийслэлийн ЭМГ-ын дарга Л.Төмөрбаатарыг эм тарианы хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлж, тасалдахгүй байх талаар анхаарал хандуулахыг үүрэг болголоо.

Мөн хотын Захирагч тус эмнэлэгт шаардлагатай байгаа тариурын шахуурга, дуслын шахуурга зэргийг шийдвэрлэж өгөхөө мэдэгдээд тус ЭМТ-д хүчилтөрөгчийн аппарат гардуулж өгсөн юм.

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс