Өнгөрсөн долоо хоногийн тойм

2019-12-20 17:55:53

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2019 оны арванхоёрдугаар сарын 16-наас арванхоёрдугаар сарын 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.

Авто зам ашигласны төлбөрийг хуучин хэвээр үлдээх тогтоол баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан боллоо. Хуралдаанаар  авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмсэн НИТХ-ын 29/30-р тогтоолыг хүчингүй болголоо. Ингэснээр авто зам ашигласны төлбөрийг 2013 онд тогтоосон хэмжээг хэвээр дагаж мөрдөх юм. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр  жилд 14 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг байсан бол ирэх онд 74 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөөд байсан. Тухайлбал, нийт 50 км авто зам шинэчлэх, хотын төв хэсгээр 100 км дугуйн зам, дөрвөн гүүрэн гарц, борооны ус зайлуулах шугам сүлжээ 10 км, есөн дүүрэгт тэмдэг тэмдэглэгээний 80 хувийг хийхээр төлөвлөж байсан бол энэхүү тогтоолыг хүчингүй болгосноор дээр дурьдсан ажлуудын 60 орчим хувийг хийж гүйцэтгэх боломжгүй болох юм.

Монгол Улсаа төлөөлж буй Элчин сайдуудтай Хотын захирагч С.Амарсайхан уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Амарсайхан Монгол Улсаас Гадаад Улс оронд суугаа Элчин сайдуудтай уулзлаа.Уулзалтын эхэнд Хотын захирагч С.Амарсайхан Монгол улсаа гадаадад сурталчилан таниулах,хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал үүрэг гүйцэтгэдэг Монгол Төрийн Алтан аргамжаа гэгддэг Элчин сайдуудад Улаанбаатар хотын 380 жилийн ойн мэндийг хүргээд ажлын амжилт хүслээ. Уулзалтын үеэр Япон, Унгар, Казахстан зэрэг улсад суугаа Элчин сайдууд Улаанбаатар хотын хог хаягдал, нийтийн тээвэр,оршуулгын газрыг цэцэрлэгжүүлэх зэрэг ажилд хамтран ажиллах боломж байгаа талаар санал солилцов. Хотын захирагч С.Амарсайхан бүх салбарт хамтран ажиллахад нээлттэй гэв. Улаанбаатар хот дэлхийн 42 хоттой хамтын ажиллагаатай ажилладаг юм.

Пауэрлифтингийн дэлхийн аварга Э.Содномпилжээ “Нийслэл хотын хүндэт иргэн” боллоо

Пауэрлифтингийн дэлхийн аварга, Улсын таван удаагийн аварга, Гавьяат тамирчин Э.Сондомпилжээг “Нийслэл хотын хүндэт иргэн”-д өргөмжилж, тэмдэг гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээний үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Давга “Энэ шагналыг олон түмэнд хүндлэгдэж, нийслэлийн иргэдийн талархлыг хүлээсэн хүнд гардуулдаг жишигтэй. Дэлхийн аварга Э.Содномпилжээгийн тухайд Монгол Улсынхаа нэрийг олон улсад гаргаж, пара паэурлифтингийн дэлхийн рекордыг шинэчилсэн гээд олон амжилт гаргасан. Тиймээс нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаж, Э.Содномпилжээг нийслэл хотын хүндэт иргэнд өргөмжилж байна. Таны цаашдын үйлсэд амжилт хүсье” гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Манай улсын пауэрлифтингийн шилдэг тамирчин, дэлхийн аварга, Гавьяат тамирчин “Нийслэл хотын хүндэт иргэн” болж байгаад хотын даргын хувьд баяртай байна. Спортын салбарт оруулсан хувь нэмрээ илүү амжилтаар үргэлжлүүлж, залуусын үлгэр жишээ түүчээ болж яваарай” гэв.

“Daewoo Bus Kazakhstan” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Казахстан Улсын “Daewoo Bus Kazakhstan” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.  “Daewoo Bus  Kazakhstan” компанийн захирал Ассемкан Дускужанов.А.С хотын Захирагчийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, автобусны үйлдвэрийнхээ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Daewoo Bus Kazakhstan” компани нь 2007 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Daewoo” корпорацитай хамтран ажилладаг. Манай компани автобус баазын 40 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Явах эд анги сэлбэгээ БНСУ-аас нийлүүлдэг” гэв. “Daewoo Bus  Kazakhstan” компанийн автобусууд нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс дотор, гадар эд ангийг төмрөөр хийсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан шаттай, хүүхдийн автобус нь зориулалтын жижиг суудалтай хяналтын камер, хамгаалалтын хэрэгслээр тоноглосон гээд нийтийн тээврийн стандартын шаардлагыг бүрэн хангасан” хэмээн мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод Казакстан Улсаас автобус нийлүүлсэн тохиолдолд баталгаат хугацаандаа засвар үйлчилгээг нь бүрэн хариуцах нэгдсэн төв байгуулж өгөх талаар мөн дурдлаа.

Төв талбайд тавьсан хаалтын талаар Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас тайлбар өглөө

Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг байрлуулсан байсан. Талбайд тавьсан энэ хаалтын талаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд тайлбар өглөө. Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагын зүгээс “Бид Хотын архитектурын газартай хамтраад загвар дизайныг нь гаргасан. Дахин засахад татгалзах зүйлгүй” гэв. Дашрамд дурдахад, Гадаадын хөгжингүй орнууд иргэд, олон нийт амарч зугаалдаг төв талбайгаа гадны элдэв халдлага, гэмт хэргээс хамгаалах зорилгоор ийм хаалтууд байршуулдаг байна.

Тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад тохиолдолд түүхий нүүрс хэрэглэхийг хориглоно

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос бүрдсэн ажлын хэсэг түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудын утааны шүүлтүүрийн хэвийн ажиллагаа, нүүрсний зарцуулалт, нөөц болон түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт явуулсан талаараа мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлэхдээ “Ажлын хэсэг нийт 404 уурын зуухыг нэг бүрчлэн шалгасан. Хяналт шалгалтаар утаа шүүлтүүр тавиагүй-9, шүүгч нь эвдэрсэн-17, нүүрс ил задгүй хадгалах-18, камергүй-8 аж ахуйн нэгж, иргэний зөрчил илэрсэн. Мөн улирлын чанартай болон мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа зогсоосон 31 байгууллага байна” гэлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 16-100 кв хүчин чадалтай буюу нам даралтын зуухаар үйл ажиллагаа явуулж байгаа 2209 аж ахуйн нэгж байгууллага байдаг. Харин 100 кВт-аас дээш хүчин чадалтай буюу тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг 197 халаалтын зуух бий хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн албаны дарга П.Хэрлэн дурдлаа. Тэрбээр “Энэ жилийн хувьд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд ойрхон 60 нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжинд холболоо. 17 цэцэрлэгийг цахилгаан халаалтад, дөрвөн сургууль цэцэрлэгийг хийн халаагуурт шилжүүлсэн. 248 хэрэглэгчийг цахилгаан хэрэглүүрт шилжүүлж, 290 халаалтын зуухны 230 зууханд нь шүүлтүүр тавьсан” гэж мэдээллээ.Улаанбаатар хотод ирэх оны есдүгээр сарын 15  гэхэд тусгай зөвшөөрөлтэйгөөс бусад 16-100кВт-аас дээш хүчин чадалтай уурын зуухтай аж ахуйн нэгж, хувь хүн, айл өрхүүдийг түүхий нүүрс түлэхийг бүрэн хориглох аж.

Дахин төлөвлөн барилгажуулах төслийн эхний ээлжийн 187 айлын орон сууц ашиглалтад орлоо

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Орон сууцны тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16-р байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын ажил үргэлжилж байгаа билээ. Тэгвэл хуучин гурван давхар 18 айлын орон сууцны газар дээр нэг жил найман сарын хугацаанд 16 давхар бүрэн цутгамал 187 айлын орон сууц ашиглалтад орж, өнөөдөр шинэ байрны батламж, түлхүүрийг оршин суугчдад гардууллаа.

Угаарын хийн хордлогын дуудлагагүй хоножээ

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын мэргэжилтэн Д.Өнөрбат нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн Онцгой комиссын 07 дугаар захирамжаар батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар хамтран хөдөлгөөнт эргүүлийг төвийн зургаан дүүрэгт хийж байна. Хөдөлгөөнт эргүүл нь шахмал түлшний хэрэглээ, түгээлт, борлуулалт, хангалт зэрэгт болон түүхий нүүрс хэрэглэхгүй байхад хяналт тавьж ажиллаж байна. Мөн сайжруулсан шахмал түлш борлуулж байгаа 386 цэгийн түлшний нөөц, сайн картгүйгээр борлуулалт хийхгүй байх тал дээр хяналт шалгалтын ажлыг 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл өдөр бүр зохион байгуулж ажиллана. Анх удаа угаарын хийн хордлогын дуудлага ирээгүй 24 цагийн турш тайван хонолоо” гэв. Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 23-наас эхэлж байна. Амралттай холбогдуулан эцэг, эхчүүд хүүхдээ гэрт нь үлдээхдээ зуух, пийшингийн зөв галлагааны зөвлөмжийг сайтар зааж, зөвлөн галын аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон анхааруулсан юм.

Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг шинэчилнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа. Хуралдааны эхэнд Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Тус асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав. Улаанбаатар хотод 2019 оны эхний байдлаар нийт 387,4 мянган өрх байгаагаас 44,8 хувь буюу 173526 өрх нь нийтийн орон сууцанд амьдарч байна. Нийтийн орон сууцны барилгын инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээ, техник технологийн шинэчлэлийн ажлыг Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ, Чандмань Налайх ОНӨААТҮГ болн хувийн хэвшлийн 82 контор хариуцаж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний эрх зүйн зохицуулалтыг яаралтай шинэчлэн баталж 2020 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгав.

Автомашин ачилтын компаниудад үүрэг, даалгавар өглөө

Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын дагуу нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх хууль бус авто машин ачих, ачилтын үед гэмтээх зэрэг зөрчлийн асуудлаар автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Компаниуд ачилтын автомашинуудаа нэмж байгаа болохоос үйлчилгээгээ сайжруулж чадахгүй байна. Энийг яаж сайжруулах вэ гэдгээ Нийслэлийн авто замын газартай ярьсан уу, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй уулзсан уу” гэдэг асуулга тавиад “Хууль дүрэм зөрчсөн жолоочийн автомашиныг ачиж болно. Ачаад явж байхдаа хүний эд хөрөнгийг авч яваа шүү гэдэг сэтгэлээр ажил явуул. Үйл ажиллагаа явуулж байгаа 15 аж ахуйн нэгжүүдээр явж газар дээр нь очиж ажиллана. Дүрэм журмынхаа хүрээнд ажиллаж буй эсэхийг шалгана. Стандарт шаардлага хангахгүй байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг цуцална” гэдэг үүрэг даалгаврыг өглөө. 

2019 оны “Эрүүл ажлын байр”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагууд тодорлоо

Нийслэлийн Засаг  даргын хэрэгжүүлэгч агентлагууд болон дүүргүүдийн ЗДТГ-аас  сүүлийн гурван жилийн хугацаанд “Эрүүл ажлын байр” удирдамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд байгууллага, хамт олныхоо дунд эрүүл амьдрах хандлага, зан үйлийг төлөвшүүлэх, ажилчдын эрүүл мэндийг дэмжих орчинг бий болгоход идэвхи санаачлагатай  ажиллаж, бусдыгаа манлайлсан байгууллагуудыг шалгарууллаа. “ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагаар 1-р байр: нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар 2-р байр: нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар 3-р байр: нийслэлийн Бүртгэлийн газар болон Монголын Хүүхдийн ордон тус тус шалгарлаа.“Эрүүл ажлын байр”-ыг бүрдүүлсэн шилдэг байгууллагуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан бөгөөд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар гардуулж өглөө. Түүнчлэн нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэс гэх мэт 32 байгууллага тус удирдамжийг хэрэгжүүлэн, үр бүтээлтэй олон ажил хийжээ.

Иргэд “E-POLICE” гар утасны аппликейшныг ашиглан дараах зөрчлүүдийг илгээж хариуцлага тооцууллаа

Замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран “E-Police аппликейшнийг гарган ажиллаж байна.

Гэр хорооллын айл өрхийн үнсийг ялган ангилж, дахин боловсруулна

НЗД-ын зөвлөлийн хурлаар “Гэр хорооллын үнснийг ангилан ялгаж дахин боловсруулах” төслийг танилцуулж хэрэгжүүлэхээр дэмжлээ. Нийслэлийн 202000 гаруй айл өрхөөс жилд 168 мянган үнс гарах тооцоо судалгаа гарсан бөгөөд ажлын хэсгийн зүгээс үнс дахин боловсруулах боломжийн талаарх судалгааг хийн ажиллаж байгаа бөгөөд барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран сайжруулсан түлшнээс гарч байгаа үнсээр явган замын хавтан, бродьюр, эко хавтанг хийж туршжээ. Энэхүү төслийг хэсэгчилж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд дүүрэг бүрээс нэгээс хоёр гэр хороог сонгон авч, тухайн хорооны айл өрх, ААНБ-ын үнсийг эх үүсвэр дээр ангилан ялгах, тээвэрлэх ажил хийгдэнэ. Үнс тээвэрлэх үйл ажиллагааг одоогийн хог тээврийн компаниуд задгай тэвштэй хогны машинаар 14 хоногт 1-2 удаа тогтмол хуваарийн дагуу ачиж, цуглуулах юм. Агаарын бохирдлыг бууруулах түүн дундаа PM2.5 нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээг бууруулах,амьдрах орчинд сөрөг нөөлөл гээд нийгэмд үр өгөөжөө өгөх төслийг хэрэгжүүлэхийг  Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжлээ.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс