АНУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2012-09-28 00:00:00

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Анн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа. Хатагтай Пайпер Анн Уинд Кэмбэлл хэлэхдээ “Улаанбаатарын иргэн болоод удаагүй ч тантай уулзаж байгаадаа баяртай байна. Денвер хотын төлөөлөгчдийг та  хүлээн авч уулсан.  Тэд сайхан сэтгэгдэлтэй буцсан шүү ” гэв.

Нийслэл иргэдээ мэдээллээр сайн хангаж ажиллаж байгаагүй юм байна. Миний хувьд иргэдэд нээлттэй байх бодлого баримтална. Засаг дарга захирамж гаргалаа гэхэд 48 цагийн дотор иргэдэд ил тод хүргэдэг байхаар төлөвлөж байна. Иргэддээ нээлттэй очоод асуудлыг танилцуулахад өмнө нь гарсан шийдвэрээ өөрчлөхөөс өөр аргагүй байдалд хүрч байх жишээтэй гэж Нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл яриагаа эхэлсэн юм. Тэр нь ямар шийдвэр байсан талаар Элчин сайд  Пайпер Анн Уинд Кэмбэлл асууж тодрууллаа.

 Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт татварын албаныханд зориулсан барилга барихаар төсөв нь батлагдаад ажил эхэлчихсэн байсан. Хэрэв тэр байшин төлөвлсөн ёсоор баригдвал тухайн айлуудын нарыг хаах байсан тул иргэд хүлээн зөвшөөрөөгүй. Харин барилга барих зөвшөөрөл олгосон захирамжаа цуцалсан гэж тодорхой жишээ татан хэллээ. Элчин сайд Улаанбаатарт зөвшөөрөлгүй бригдаж байгаа барилгын талаар мөн асууж тодруулж байв.

Нийслэлд одоогоор газрын зөвшөөрөл аваагүй 15 барилга баригдаж байгаа аж. Мөн газар нь зөвшөөрөгдсөн боловч барилга барих зөвшөөрөлгүй барилга цөөн биш байгаа юм. Нийслэлд баригдах барилгын зөвшөөрлийн нэг хэсгийг хотын харъяа газрууд өгдөг байхад, нөгөө хэсгийг нь яам, агентлаг өгдөг байх жишээтэй. Энэ хоёрдмол тогтолцоог нэг болгох зохицуулалт хийж байгаа талаараа Засаг дарга ярилаа.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв