7 сая төгрөгний шагналын сантай шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах “ХАКАТОН” уралдаан зарлагдлаа

2019-11-05 15:22:04

“Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ХАКАТОН уралдааныг уламжлал болгон хоёр дахь жилдээ Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон “Апстартлаб” ХХК, “Стартап Терминал” ХХК хамтран зохион байгуулж байна. Нийслэлийн нийт хүн амын тоо 2018 оны байдлаар 1.444.699 байгаа бөгөөд үүнээс 15-34 насны 461.681 иргэд байгаа нь нийслэл хотод оршин суугаа хүн амын 33.6 хувийг эзэлж байна.

Иймээс хотын соёл, хөгжил, тохижилтод залуучуудын идэвх, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, залуучууд манлайлсан ухаалаг хот болоход тэдний хувь нэмрийг татан оролцуулах, хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжих, бүтээлч хандлагад уриалах, сэдэлжүүлэх, нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилготой юм.  

Тус уралдаан гурван үе шаттай зохион байгуулагдах бөгөөд оюутан сурагчид, стартап багууд, уралдаанд оролцох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Гагцхүү багийн гишүүд тэмцээн эхлэхээс дуусах хүртэл тэмцээний талбар дээр байх шаардлагатай юм. 

“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдаан нь олон улсын зарчмаар хоёр хоног буюу 48 цаг зохион байгуулагдах бөгөөд хоёр дахь өдөр нь шаардлага хангасан багууд төслийн илтгэлээ танилцуулан шүүгчид цаашид хэрэгжих боломжтой төслийг шалгаруулан ялагчийг тодруулах болно. 

Баг тус бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тулгамдаж буй асуудалд шийдэл боловсруулан бизнес төлөвлөгөө гаргаж, төслөө танилцуулах ба тавигдах шаардлагын дагуу төслөө бэлэн болгоно.

Eрөнхий сэдэв: “УХААЛАГ УЛААНБААТАР” /SMART UB/

1 үе шат:

2019.11.01 – 2019.11.30

  • Смарт Сити төслийн материалыг info@nsfund.mn имэйл хаягаар хүлээн авна.

2 үе шат:

2019.12.02-2019.12.06 

  • Материалаа ирүүлсэн нийт багуудаас 10 багийг шалгаруулан төслийн танилцуулгыг хийлгэж, 6 багийг дараагийн шатанд шалгаруулж, олон нийтэд мэдэгдэнэ.

3 үе шат: 

2019.12.07 – 2019.12.08

  • Шалгарсан зургаан баг Хакатоны хөтөлбөрийн дагуу ажиллана.

Нэгдүгээр байр дөрвөн сая, Хоёрдугаар байр хоёр сая, Гуравдугаар байр нэг сая төгрөгний шагналтай бөгөөд “Стартап терминал” ХХК-аас дундын оффис, орчин нөхцөлөөр хангана. Мөн Gold`s gym-д хичээллэх эрхийн бичгээр шагнана.

"Хакатон" гэж юу вэ? Хакатон нь тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүсээр үр дүнтэй багийг бүрдүүлэн, богино хугацаанд шинэ санааг хөгжүүлж, асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх нэг төрлийн уралдаант үйл ажиллагаа юм гэж Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7700-1981, 8097-7033 дугаарын утаснаас авч болно. 

Техникийн шаардлага:

Хакатон нь 2 өдөр явагдах тул эцсийн бүтээгдэхүүн гаргаж ирэх боломжгүй. Харин багууд 2 өдрийн дотор менторуудаас зөвлөгөө авч нэмэлт сайжруулалтаа хийнэ. 2 өдрийн эцэст PITCH (бүтээлээ танилцуулах) хийхэд дараах зүйлс тодорхой болсон байна. Үүнд:

  • Төслийн слайд танилцуулга,
  • Бизнесийн төлөвлөгөө боловсруулсан байх,
  • Улаанбаатар хотыг ухаалаг болгоход чиглэсэн байх,
  • Эдийн засгийн үр ашигтай байна,
  • Демо буюу ажиллах зарчмын танилцуулга, бүрэн ажилладаг байх шаардлагагүй боловч ерөнхий үйлдлүүдээ заавал гүйцэтгэдэг байх. Үүнд:
  • Вэбапп бол тодорхой хэмжээнд ажилладаг байх, 
  • Мобайл апп бол тодорхой хэмжээнд танилцуулж болохуйц байх,
  • IOT бол тодорхой хэмжээнд ажилладаг мэдээлэл цуглуулж байгааг харуулах,
  • Чат бот бол бэлдсэн асуултуудад хариулж чаддаг байх,
  • Бусад технологиуд мөн адил тодорхой түвшинд танилцуулж болохуйц ажилладаг байх,

Багууд Асуудлыг олж харсан – Шийдлийг гаргасан – Хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө бичсэн – Төлөвлөгөөний дагуу хөгжүүлэлтээ эхэлсэн байх шаардлагатай.