Аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалт явууллаа

2019-11-01 18:41:13

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар “Худалдан авах ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах болон тендерт хэрхэн амжилттай оролцох” сэдэвт сургалт өнөөдөр зохион байгууллаа. Энэ сургалт нь улсын болон нийслэл орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хүсэлтэй компаниудад зориулан явуулж буй аж. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,  эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх чиглэлд заасны дагуу худалдан авах ажиллагаанд оролцогчдыг чадавхижуулах, худалдан авах ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнийг олон нийт, аж ахуй нэгж байгууллагад хүртээмжтэй болгох зорилготойгоор энэ удаагийн сургалтын зохион явуулсан бөгөөд уг сургалтанд 60 гаруй аж ахуй нэгж, компанийн төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа “Энэ удаагийн сургалтын онцлог нь төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас шинэ дүрмүүд гаргасан. Тухайлбал, урьдчилан худалдан авалтын журам, тендерт оролцогчдын гомдлыг хянан шийдвэрлэх, тендерийн шалгаруулалтын материалыг оролцогчдод нээлттэй, ил тод болгох журмууд шинэчлэгдсэн. Оны эцэс болж, ирэх жилийн тендер зарлагдах болсонтой холбогдуулан тендерт оролцогчид алдаа дутагдал бага гаргаасай гэсэн үүднээс  дээрхи журмуудын талаарх нэгдсэн ойлголтыг өгч байна” гэлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс