Хийсвэр соёл “ГАЖ ХҮН”-ийг төрүүлж байна

2019-10-03 12:50:04

(Бид яагаад ийм болчихов оо?)

Өнөө үеийн хүний мөс чанар мууджээ, монгол хүний уламжлалт зан чанар хаачив, залуучууд ёс суртахуунгүй болжээ гэх яриаг олонтаа сонсож байв. Шинэ нийгмийн залуучуудын зан төлвийг одоогоос 30-аад жилийн өмнөх үетэй харьцуулбал ихээхэн өөр дүр зураг гарах нь ойлгомжтой. Бидэнд ахмадаа хүндэтгэх сайхан хүмүүжил байсан. Автобусанд орохдоо настай хүнийг эхэлж оруулна, тэдэнд суудал тавьж өгнө. Ахмад хүнтэй эхлээд мэндчилнэ, ирэхэд нь тосч буулгана, явахад нь моринд нь  мордуулж, унаанд нь суулгаж өгнө. Ахмад хүнд аягатай цайгаа эхлэн барина, ахмад хүнтэй эхлээд золгоно гээд тоочоод байвал олон сайхан ёс заншил бий. Гэтэл одооны залуучууд үүнийг мэдэх бил үү. Автобусанд сууж ядаж буй настай хүнийг сурагчийн цүнх үүрсэн хүүхдүүд бараг л дайрч унагахаад орж байна. Автобусанд залуучууд ахмад хүнд суудал тавьж өгөхдөө тун дурамжхан. Буруу хараад утсаа “маажаад” таг суучина.

Автобусны буудал дээр хэдэн минут болоход тамхи баагуулсан хэдэн банди шүлсээ хаясаар тэр хавийг нэлд нь ой гутмаар болгохыг хараад тэсгэл алдана. Санаандгүй тохойгоороо ёворч орхивол “Аятайхан байгаараа, ах аа” хэмээн эвгүй хялайна. Жаахан үг сөрвөл “Хэд хоног амьд явахаа бод” хэмээн амь насанд заналхийлэх нь энүүхэнд. Хашааны булан, хүн багатай гудманд морь харж буй согтууд үг хэлвэл хэлснээсээ эс юм болж мэднэ.  Нэг л их яарсан адгасан, уцаарласан, ууртай догшин хүмүүс. Хот нь хөгжөөд гял цал болоод байдаг. Гэтэл хүн нь хөгждөггүй. Хотын хүн хотынхоо хөгжлөөс хоцорсон, хотын хүний “үнэргүй” байж болохгүй.

Бид яагаад ийм болчихов оо? Бид чинь ХХI зуунд амьдарч байгаа, соёлжсон нийгмийн иргэд биз дээ. Хотын хүн гэдэг илүү эелдэг, хотын хүн гэмээнэ илүү соёлтой, илүү ёс зүйтэй баймаар. Бид жалганд ганцаараа амьдраагүй. Алхам тутамдаа хүнтэй харилцаж байдаг. Ийм шахцуу нийгмийн хэм хэмжээнд зохицож амьдрахаас өөр аргагүй. Яавал бид хотын хүний зөв дүр төрхийг бүрдүүлж чадах юм бол?  Яах ёстой гэдгийг ойлгуулахын тулд ингэж тэгэх ёстой гэж өчнөөн юм хэлж нуршиж болно. Харин түүний оронд “яагаад бид  ийм болчихов оо” гэдэг асуултад хариулт олох хэрэгтэй юм байна гэж бодлоо.  Учир нь “яагаад” гэдгээ  мэдвэл цаашдаа бид “яахаа” мэдэж болно гэж бодсон учраас тэр.

Цөөхөн жилийн дотор Монголын залуучууд зан суртахууны хувьд  ийнхүү “төрөл арилжсан” нь  нийгмийн учир шалтгаантай ажээ. 1990 оны ардчилсан хувьсгалаар төрийн хуучин тогтолцоог халахад коммунист үзэл суртал, социалист аж төрөх ёс гээд тэр үеийн нийгмийн  амьдралын тогтсон хэв маяг бүгд хамт нуран унасан билээ. Хуучин тогтсон хэм хэмжээний оронд шинэ хэм хэмжээ, шинэ хандлага, шинэ тогтолцоо бүрэлдэн төлөвших учиртай байв. Үүнд цаг хугацаа хэрэгтэй.  Нийгмийг тогтворжуулж байдаг, хэвийн амьдрахад нь шийдвэрлэх үүрэгтэй нэгтгэн нягтруулагч үзэл суртал, хуулийн болоод ёс суртахууны хэм хэмжээнүүд үнэ цэнэгүй болоод ирэхээр нийгэм ямар ч зохицуулалтгүй, эмх замбараагүй болдог аж. Нийгмийн эмх замбараагүй байдал нь хүүхэд, залуучуудын нийгэмшил, биеэ авч явах байдалд сөргөөр нөлөөлж, гажууд зан төлөв ихсэхэд нөлөөлдөг байна. 1990 оны хувьсгалтай хамт социалист аж төрөх хамтач ёс, хэвшиж тогтсон хэм хэмжээ асар богино хугацаанд илбийн мэт алга болов. Ийнхүү хүн хүндээ нөхөр, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө  гэх мэт ах дүүгийн барилдлагат харилцаа үгүй болов. Хөрөнгийг өмчлөх, эзэмших, үйлдвэрлэх эрхийг чөлөөтэй тавьж өгсөнөөр эд материалын төлөөх улайрал уралдаан эхэлсэн байдаг. Ямар ч аргаар хамаагүй баяжих хөлжих гэсэн эд мөнгийг дээдлэх сэтгэлгээ газар авсан. Үүнээс үүдсэн хувиа хичээх, амиа борлуулах, шуналтай, дээрэнгүй бэртэгчин зан ихсэж, хуулиар хориглоогүй бол юу ч хийж болно гэсэн сэтгэхүй газар авчээ. Социалист нийгэм өөрийн гэсэн ёс суртахууны  хэм хэмжээ, эрхэмлэлтэй байсан. Энэ үед өсч хүмүүжсэн хүмүүс үүнийг сайн мэднэ. Хувийн эрх ашгийг хичээх, панз  наймаа хийх, мөрийтэй тоглох, хээл хахууль өгч, авах, шашин шүтэх, биеэ үнэлэх, хууль бусаар хөрөнгөжих, хөдөлмөрийн бус орлогоор амьдрах, гэр бүл салах, архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх нь нийгэмд “харш үзэгдэл” байв. Тэр ч  бүү хэл хүүхэдгүй байхыг төрөөс буруушааж татвар хүртэл авдаг байв. Харин эдүгээ эдгээр “харш үзэгдлүүдийн” ихэнх нь бидний өдөр тутмын амьдралын хэм хэмжээ болжээ. Хүн өглөө босоод л хүний харилцааны хэм хэмжээний хил хязгаарт ордог. Хүний харилцааны хамгийн анхны хэм хэмжээ нь мэндлэх хүндлэх ёс юм. Хүн тааралдсан хүнтэйгээ зөв үг хэллэгээр, төв сайхан хоолойгоор  инээд халгиулаад мэндчилэхэд хариу мэндчилгээ нь мөн зөв эерэг сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц байх нь ойлгомжтой. Эелдэг дөлгөөн зантай, зөв сайхан үйлтэй, хүнд тустай, баян, ядуу хэнийг ч алагчлалгүй үздэг гэгээлэг хүн байдаг. Мөн их зантай, дээрэнгүй, өөрийгөө дөвийлгөсөн, ихэмсэг харилцаатай хүн ч тааралддаг.  Хүний харилцааны энэ бүх хэм хэмжээний нийлбэр нь тэр хүний  ёс суртахууны хэр хэмжээг илтгэдэг байх юм. Ер нь ёс суртахуун гэж юу юм бэ. Ёс суртахуун гэдгийг  аливаа зүйлийн дундажийг тааруулах гэж товчхон хэлж болно.  Юм бүхэн хэр хэмжээндээ байх ёстой. Хүүхдэд хайр хэтэрвэл эрхээрээ хатна, хал хэтэрвэл догшин хэрцгий болно. Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэдэг. Нэгэнт буруу хүмүүжсэн хүнийг засахад хэцүү гэдэг нь мэдээж. Эд баялгаар дутаахгүй гэсээр байгаад хүүхдээ хөрөнгө мөнгөний шуналтай болгодог. Дэвийн гэмээр шуналтай болсон хойно нь хичнээн хэлээд тэр хүний  буруу зан араншин засагдах нь юу л бол.

Манай залуучууд гадаад, дотоодод их дээд сургууль төгсөж өндөр боловрол эзэмшдэг ч, энэ нь тэднийг өндөр  ёс суртахуунтай гэсэн үг хараахан биш юм. Өндөр  боловсролтой боловчиг ёс суртахуунгүй хүн олон байдаг. Хүн дээд боловсролгүй байж болно, бас хөрөнгө мөнгөгүй ч  байж болно, гагцхүү  хүн чанартай байх ёстой. Зовж шаналсан нэгэнд хүргэх хариу нэхээгүй тус бол хүн чанар юм. Гудамжинд төөрүүлсэн гөлгийг хүйтэнд хөлдөх аюулаас авран дулаан байр барьж өгөх нь хүний нинжин сэтгэл юм.  Зөв сэтгэлтэй хүнээс зөв үйл гардаг. Хэн нэгэн өвдөхөд хандив тус өгөх, гудамжны амьтанд туслах, найз нөхөд зовох үед дэргэд нь байх  зэрэг нь хүмүүсийн сэтгэлээс гардаг зөв үйлдэл юм. Энэ бол сайхан сэтгэл, өгөөмөр зан чанар юм.  Тэгэхээр хүний хөгжлийн дээд оргил нь өндөр боловсрол биш, хүний өөрийнх нь хүмүүжил байх нь.  Гэтэл бид ардчиллын гэх энэ хэдэн жилд хүний эрх, эрх чөлөөг ханатал ярьсан атлаа хүнийг хүн болгодог хүмүүжлийн асуудлыг мартаж орхисон нь хөгжлийн хоцрогдлын эх үндэс нь болжээ. 

Индивидуализмыг гол суртлаа болгодог либераль үзэл гэдгийг амиа хичээх гэж шууд орчуулан ойлгох болов. Уул нь баруунд дундаж давхаргыг өөгшүүлэн хөгжүүлснээр нийгмийн сайн сайханд хүрнэ гэж томъёолдог. Нийгмийн дундаж давхаргын хүмүүс хэнээс ч хараат бус амьдардаг. Тэд төрөөс ч, бусдаас ч юу ч гуйхгүй оршин тогтнож чадна. Өөрөөр хэлбэл, тэд “амиа борлуулж, довоо шарлуулдаг” гэсэн үг.  Амиа хичээх, амиа борлуулах хоёр бол уул нь хоёр өөр зүйл. Би л болж байвал бусад нь хамаагүй гэдэг нь “довоо шарлуулах”  биш, харин амиа хичээх үзэгдэл юм. Одоогийн нийгэмд хүн хөдөлмөрлөхгүй байж болно, хөдөлмөрийн бус орлогоор амьдарч болно, биеэ үнэлж болно. Залуучуудын архидалтыг хориглож хэн ч чадахгүй байна, гэр бүл салалт ердийн үзэгдэл болсон, хүнийг хууран мэхлэх, залилах бол байдаг л зүйл, арилжаа наймаа нь зарим нэгний хувьд энэ нийгэмд амьдрах бараг цорын ганц арга болов. Христ, морман, лал, мүүн гээд харийн шашиныг шүтэгчид хажууд маань зэрэгцэн амьдрах болжээ. Мөрийтэй тоглох, хээл хахууль өгөх, авах, өмч хөрөнгө идэх шамшигдуулах, хууль бусаар хөрөнгөжих, хар тамхинд мансуурах, наймаалах гэдэгтэй бид бүр эвлэрсэн. Хуучин нийгмийн хэм хэмжээ нуран унасны дараах 30 жилд бидний хэвшүүлж тогтоож буй хэм хэмжээ маань энэ байна. Нийгмийн өөрчлөлттэй хамт монгол хүний эртний сайхан зан чанар болох хүнлэг энэрэнгүй сэтгэл, шударга ёс, бие биедээ туслах зан, эв эеийг хичээх ёс, ахсаа хүндлэх,  дүүг энэрэх  ухаан улам гээгдэн алга болж байна. Тийм ч учраас хүний мөс муудлаа, залуучууд  ёс суртахуунгүй болжээ гэж ахмад үеийнхэн шүүмжлэн хэлэлцэх нь зүй. 

Социалист хамтач аж төрөх ёс яагаад ийм  амархан нуран унав гэж зарим хүн гайхан эргэлздэг. Энэ нь  нийгмийн тодорхой учир шалтгаантай ажээ. Өмнөх  социалист нийгмийн эрхэмлэлүүд нь гаднаас, дээрээс тулгасан, хувь хүнийг нийгэм төрд захируулж, хүний эрх чөлөөг хаан боогдуулж байсан учраас тэдгээр нь социализмын сүйрэлтэй хамт амархан гээгдсэн гэж судлаачид хэлдэг. Хүчээр тулгасан, хүчээр барьж байсан, өөрийнх нь элгэнд үрсэлж бойжоогүй юм хэвшиж тогтдоггүй, салхинд хийсэх мэт нэг л өдөр алга болдог жамтай аж. Социалист аж төрөх ёсны оронд барууны либераль соёлын эрхэмлэлүүд болох ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, зах зээл, чөлөөт өрлсөлдөөн зэрэг үнэт зүйлс төлөвших ёстой байв. Хувийн үйлдвэрлэл, өмчийг зөвшөөрснөөс хойш эд материалыг шүтэх,  амиа хичээх, хялбархан аргаар баяжих гэх мэт гаж үзэгдлүүдийг бид хэвийн ердийн зүйл мэт хүлээн авдаг болсон нь дээрх хямралын нэг илрэл байв. Ёс суртахуун ялзрахаар улс орны хөгжил доройтдог. Хөгжил хоцрогдож ирэхээр ёс суртахуун ялзарч ирдэг. Эдгээр нь харилцан хамааралтай ойлголт юм. Энэхүү ялзрал нь нийгмийн ихэнх хэсгийн зан төлөв болох  шударга бус, аймхай, зориггүй, ханаж цадахгүй шуналтай, нэр тэрөө шороотой хутгадаг зэрэг дунджаас хэлбийсэн гаж байдлаар илэрдэг байна. Ардчилал, хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн шинэ нийгмийг хөгжүүлэн төлөвшүүлэх үйл явц өрнөсөн 1990 оноос хойшхи 30 шахам жилд хүний хувьд авч үзвэл бүхэл бүтэн нэг үе хүмүүжин төлөвшжээ. Энэ үед бид хүүхдийн эрх, хүний эрх, эрх чөлөө гэж их ярьсан. Харин шинэ тогтсон нийгмийн үнэт зүйл, эрхэмлэлийн талаар тун бага ярьжээ.  Ардчилал, хүний эрх гэхээр бүгд сайн ойлгодог. Харин  монгол хүний зан төлөв, ёс заншил, уламжлалт соёл гэдгийг нийгэмд ухамсарлуулж, түүнийгээ шинэ нийгмийн үнэт зүйлээр баяжуулан хөгжүүлэх асуудлыг гаргуунд нь хаяснаас хүүхэд залуучуудын хүмүүжил гажуудан залуучууд маань “огт танигдахааргүй” хүн болон төлөвшиж байна.  Энэ шилжилтийн үеийн монгол хүнийг тодорхойлбол: биеэ тоосон, амиа хичээсэн, дээрэнгүй бардам, эд мөнгөний шуналтай, адгасан уурласан түргэн зантай гэсэн зан байдлын төлөв гарч ирж байна.  Ардчилсан Монголын шинэчлэл өөрчлөлт хийсэн 30 жилд бидний хүмүүжүүлсэн шинэ монгол хүний дүр төрх ийм болсон нь туйлийн харамсмаар явдал юм.

Улаанбаатарын гудамжаар  нэг л их ууртай, ширүүн төрхтэй, яарсан адгасан, шазруун шаралхуу хүмүүс дүүрэн. Сэрэмж алдаад жолоогоо эвгүйхэн дарсны төлөө урдуур хойгуур хөндөлсөн хариу үйлдэл үзүүлэх, эсвэл жаахан шахуулсандаа шаралхан бууж ирээд заамдах залуучууд захаас аван зөндөө.  Улаанбаатарын залуучууд яагаад ийм сагсуу, ойворгон, дээрэнгүй болчиов оо?  Монголчууд бид бие төрмөл ухаан таримал гэж ярьдаг даа. Тэгэхээр бид зөв ухааныг тарьж чадсангүй, зөв ёсыг сэтгэлд нь ургуулж чадсангүй. Уул нь зөв сэтгэлтэй хүнээс зөв хандлага, зөв үйлдэл гардаг.  Их эзэн Чингис хаан “хүний сэтгэлийг эзэл тэгвэл бие нь хаачих вэ” гэж хэлсэн байдаг. Тийм учраас хүний сэтгэлтэй нь ажиллах  ёстой.  Бид өнгөрсөн энэ жилүүдэд залуучуудынхаа “сэтгэлийг эзэлж” чадсангүй.

Хүнийг хүн ёсоор хүндлэн харилцах нь барууны нийгмийн хамгийн наад захын харилцааны хэм хэмжээ билээ. Тэнд хүн ядуу байх, хөрөнгөгүй байх, боловсролгүй байх нь энэ харилцаанд нөлөөлдөггүй. Гэтэл одоогийн залуучууд хүнийг өмссөн зүүсэн, эдэлсэн хэрэглэснээр нь ялгаварлан харилцах нь ерийн үзэгдэл. Хүнийг  унасан машин, барьсан утас, зүүсэн цаг, гэр байшинд амьдардаг, тэр ч битгий хэл хотын аль дүүрэгт суудаг гэдгээр нь  ялгаварлан харилцах хэм хэмжээ бий боллоо. Зайсан хавиар гэртэй, “Бенз”, “Ланд” унасан хүнтэй нэг өөр, Чингэлтэй, Шар хад хавиар гэртэй, эсвэл “Приус”, “амьжиргаа цагаан” унасан хүнтэй арай нэг өөр өнгөөр харилцаад байгааг хэн хүнгүй л анзаардаг. Ийм харилцаанд бид аль хэдийнэ дасчээ.  Уул нь ардчилсан нийгэмд хүн хэн байх нь хамаагүй, хамгийн гол нь хүн гэдэг утгаар нь харилцах учиртай. Хэн ч байлаа гэсэн хүндэтгэн харилцаж, инээмсэглэн угтаж, эелдэг зангаар үдэх гэдэг нэг л хэм хэмжээ үйлчилдэг. АНУ-д сар шахам амьдарч ирсэн нэг найз маань ярьж байна. Тэнд чинь өглөө цахилгаан шатанд суухад огт танихгүй хүн өөдөөс инээмсэглэн амар мэндийг минь мэдэж, намайг тэр гэдэг, танилцахад таатай байна энэ тэр гээд 5 давхраас буух хооронд бараг найз нөхөд болчих. Гэтэл бид орон сууцны нэг давхарт өчнөөн жил зэргэлдээ хаалганд амьдрах мөртлөө хөрш айлынхаа хүмүүсийг зүс танихаас нэрийг нь ч мэдэхгүй хэмээн гайхах харамсах хослуулан ярьсан. Энэ бол улаанбаатарчууд бидний өнөөгийн амьдралын нэг буруу хэм хэмжээ биш гэж үү. Үүнийг яаж засаж залруулах вэ. Гэтэл бид чинь дээр үеэс “саахалт айлын санаа нэг, хот айлын хоол нэг” гэсэн зарчмаар амьдарч ирсэн сайхан уламжлал бий. Хэн нэгний адуу хол явсан бол дөхүүлээд өгдөг, худаг дээр хэдэн мал нь ирж таарвал услаад гаргадаг, айл нүүж байвал ачаалаад өгдөг, саахалт айл хонио ноосолж байвал хэдэн хонины хөл боогоод өгдөг бие биедээ тусархуу сайхан сэтгэлтэй ард түмэн билээ. Гагцхүү энэ уламжлалыг хүүхэд залуучуудын ухаанд суулгах, сургах ажил хоцрогдоод байна. Бид шинэ нийгмийг байгуулна, одоогоос илүү өндөр хөгжилд хүргэнэ гэж ярьдаг. Гэтэл “гажууд” ёс суртахуунтай, хүмүүжлийн доголдолтой хүн тэр хөгжилтэй нийгмийг байгуулна гэж итгэхэд бэрх.   

Орчин үед хүн ардынх нь ёс суртахуунаар улс орны хөгжлийг хэмждэг, хаана өндөр ёс суртахуун байна тэнд хөгжил цэцэглэл буй болдог гэж ярьж бичдэг  болжээ. Япон улс яаж хөгжлийн ийм өндөрлөгт хүрэв. Хятад улс яагаад ийнхүү үсрэнгүй хөгжиж байна вэ хэмээн хэсэгхэн ч болов анзааран харах хэрэгтэй болжээ. Байгалийн ямар ч баялаггүй мөртлөө Япон улс дэлхийн шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх орон болсон төдийгүй, хамгийн өндөр ёс суртахуунтай улс болжээ. Энэ юутай холбоотой юм бол. Тэд юуны өмнө хүмүүсийн оюун санааны эрхэмлэлийн эх үүсвэрийг самуурайн ёс зүйгээсээ олж авчээ. Самуурай хүн хамгийн шударга, үнэнч, сэтгэлийн хаттай, тэсвэр тэвчээртэй, эрэнгүй, ажилсаг, нэр төрөө эрхэмлэдэг байх ёстой гэж үздэг. Монголчууд бид Акира Курасовагийн бүтээсэн “Долоон самуурай” гэдэг киног сайн мэднэ. Уг кинонд 1600-гаад оны үйл явдал гардаг. Дээрээ феодалууд учраа олохгүй нанчилдаж байхад доогуур дээрэмчид хөдөө тосгодыг дээрэмдэн тонож байв. Энэ үед нэг тосгоныхон 7 самуурайг хөлслөн тосгоноо хамгаалдаг. Гэнэт дайснууд ирэхэд тосгоныхон айж балмагдан амиа хоохойлон нуугдаж байна. Энэ байдалд бухимдсан самуурай нар “Хэрэв та нар амиа бодох юм бол бүгд үхнэ. Харин бүгд бусдынхаа амь насыг хамгаалан тэмцсэн цагт өөрийн амийг аврах болно” гээд зоригжуулан хөдөлгөж дайснаа ялдаг. Энэ бол шинэ үеийн Японы ёс суртахууны гүн ухааныг хэлсэн хэрэг байв. Иймээс япончууд хүүхдийг сургахдаа нийтийн эрх ашгийг эрхэмлэх ёс суртахууны хүмүүжилд онцгой анхаарал тавьдаг байх юм.  Тэгвэл орчин үеийн япон хүн энэ уламжлалыг бүрэн эзэмших төдийгүй, дээр нь хүнтэй эелдэг, хүндэтгэлтэй харилцах зан суртахуун, орчин үеийн өндөр боловсролыг эзэмшсэн байхыг чухалчилдаг. Тэдний хөгжлийн нууц нь ердөө л энэ.  Тэгвэл Хятадыг авч үзье. Хятад бол олон хүүхэдтэй өнөр айл. Тэнд сайн эцгийн зөв үлгэр дуурайл чухал. Эцэг хүний, удирдагч хүний, хятад хүний эрхэмлэвэл зохих ёс суртахууны хэм хэмжээг Күнзийн сургаалд  заагаад өгчээ. Энэ айлын эцэг удирдагч Си Жиньпин бол өөрийн эцэг эх, хамт олон, найз нөхөд, улс орондоо өөрийн өндөр суртахууныг баталгаажуулсан хүн юм. Ийм ёс зүйг удирдлага болгон өнөөгийн Хятад орон босч ирж байна. Монголын удирдагчид ямар байдгийг бид бэлхнээ мэднэ. Тэдний хуйвалдсан, дээрэмдсэн, залилсан, тэрбум тэрбумаар идсэн уусан ёс зүйгүй үйлдлийг бид өдөр бүр халаглан хэлэлцэж яахаа мэдэхгүй сууж байна. Сүүлийн үед оросууд маш хүчтэй өндийн сэргэж байна.  Оросын удирдагч В.Путин орос хүний аугаа их ёс суртахуун гэдгийг гаргаж ирлээ. Уламжлалт орос хүний зан чанарыг бидний өмнөх үеийнхэн сайн мэднэ. Орос хүн тусархуу, цагаан цайлган, хээ шаагүй гээд орос сайн нөхрийн тухай тэд хэлээд өгнө. Оросууд “Великий русский характер” гэдэг ёс суртахууны сургалтыг дунд сургуулийнхаа хичээлийн хөтөлбөрт оруулан хүүхдээ хүмүүжүүлж эхэллээ. Тэгвэл бид үүнээс үлгэр авч “аугаа их монгол ёс суртахуун” гэдгийг гаргаж тавьж яагаад болохгүй гэж. Түүнийг юу ч гэж нэрлэж болно. Эртний ч гэнэ үү, Чингисийн ч гэнэ үү ямар нэртэй байх нь гол биш, хамгийн гол нь “монгол хүний эрхэмлэх ёс суртахуун”  энэ шүү гэдгийг тогтоох төдийгүй, хүний эрх, эрх чөлөө гэдгээс  дутуугүй ач холбогдол өгч ойлгуулах хэрэгтэй. Одоогийн увайгүй ёс суртахуунтай, хөрөнгө мөнгөндөө сагасан хүмүүс улс оронд хөгжлийн том үсрэлт хийж чадахгүй, ийм ялзарсан ёс суртахуун ноёрхож буй үед улс орны хөгжил уруудан доройтох нь ойлгомжтой. Монгол Улсыг өндөр ёс суртахуунтай хүн л хөл дээр нь босгож, хөгжүүлж дэвжүүлж чадна. Тэгэхээр нийгмийн ёс суртахуун нь улс орны хөгжлийг тодорхойлох хамгийн чухал асуудал гэдэг нь ойлгогдоно.

Хуулийн хариуцлагаас ёс суртахууны хариуцлага хамгийн хатуу гэсэн үг бий. Хуулийн хариуцлага хугацаатай. Хүн буруу хэрэг хийвэл шоронд хугацаатай явуулдаг. Ёс суртахууны хариуцлагад хугацаа гэж байхгүй. Тийм ч учраас монголчууд “сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэх юм уу, “нэр хугарахаар яс хугар” гэж маш мэргэн онож хэлсэн байдаг.  Энэ хүн муу хүн шүү, энэ хүн худалч, хулгайч хол яваарай гэж эцэг эх нь үр хүүхэддээ захисан бол энэ нь тэр хүнд оноож буй ёс суртахууны хариуцлага юм. Эрдэнийн Субашидад  муу юм хичнээн олон боловч муу хүнээс илүү аюул гэж үгүй гэдгийг сануулсан байх аж. Ёс суртахууны доройтол, ёс суртахууны ялзрал нийгэмд асар их аюултай гэдгийг бид одоо тод харж байна. 

Хүн нийгмийн нэг бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд байнгын харилцаанд амьдардаг. Хүний амьдрах арга ухаан, аж төрөх ёс, оюун ухаан, мэдлэг цөм нийгмийн харилцааны явцад бүрэлдэн буй болдог төдийгүй ажил үйлс, авьяас чадвар, ааш араншин, төрх төлөв, хэл яриа, дуу хоолой, зүрх сэтгэлээрээ бие биедээ нөлөөлж байдаг байх юм. Өөрөөр хэлбэл, хүн байнга хэн нэгэнтэй харилцаж амьдардаг. Ингэж  харилцахдаа ёс суртахууны тодорхой хэм хэмжээг баримталдаг. Гэхдээ эдгээр ёс суртахууны хэм хэмжээг хүн юуны өмнө гэр бүлийн харилцаанаас олж авдаг байна. Хүүхдийн хэн болох нь гэр бүлийн орчноос 70 хувь хамаардаг гэсэн тооцоо ч байдаг аж.

Дээр үеэс монгол гэр бүл дугуй хананы дунд гэр бүлээрээ цайлж хооллон, унтаж амарч, эргэн тойрон болон айл саахалтад болж байгаа бүх л үйл явдлын мэдээ сэлтийг аав ээжийн ярианаас сонсон тэдний шүүн хэлэлцэх ярианаас юу болох, юу нь  болохгүй вэ, аль нь сайн, муу болох зэргийг ялган салгаж ойлгож авах төдийгүй жаахан том болоод өөрөө бясалган бодох, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх зэргээр хүмүүжлийн том сургуульд суралцдаг байжээ. Гэр бүлийн ийм орчинд хүүхдийн хүмүүжүүлэгч нь ээж аав, эмээ өвөө, эгч ах, ахмад хүмүүс байдаг байв. Ингэж хүүхэд бага балчраасаа эхлэн аав ээжийгээ даган тэдний үйл хөдлөл, үг яриа бүрээс өвлөн авч, амьдралд бэлтгэгдэх төдийгүй, уламжлалт зан заншил, хэл яриа, соёл зэрэг ухамсрын үндсэн элементүүдийг эзэмшиж, нийгмийн харилцаанд бэлтгэгддэг байна. Энэ үндсэн дээр зан араншин нь төлөвшдөг. Эх нь шийр алаг бол унага нь хээр алаг гэсэн үг бий. Эцэг эх нь зөв харилцаатай, зөв үйлтэй, зөв хандлагатай айлаас муу хүн төрөх нь ховор. Монголын эрт  болон саяхны бидний сольж шинэчилсэн өмнөх нийгмийн гэр бүлийн хүмүүжлийн гол арга нь модон ханатай эсгий гэр доторх гэр бүлийн гишүүдийн үлгэрлэл байв. Хүүхэд өсч том болоод хөдөлмөрийн хамт олны дунд орж, амьдарч ахуй нийгэм, хүрээлэн буй орчинтойгоо зохицон амьдрах ухааныг олж, бусад хүмүүсийг танин мэдэж, тэдэнтэй харилцах ур чадварыг эзэмшиж, бие хүн болон төлөвшдөг аж. Хараал зүхлээс өөр үг мэддэггүй, архи дарсанд живсэн, байнгын хэрүүл уруултай айлд хүүхэд ямар үлгэр олж авах нь ойлгомжтой.  Нэг үгээр хэлбэл, гэр бүлд хувь хүн төлөвшиж, нийгмийн олон талт харилцааны суурь мэдлэгийг олж авдаг. Тухайн хувь хүн гэр бүлд хэрхэн төлөвшснөөсөө хамааран нийгмийн харилцаанд орохдоо ёс суртахууны төлөв байдал нь илэрдэг аж. Тухайлбал, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хүндэтгэх, асуудлыг сонсох, хүлээн авах, илэрхийлэх зан байдлын төлөв нь тэр гэр бүлийн орчин нөхцөлөөс шууд хамааралтай байх нь. Айлын ганц, хар багааса хошуу дэвсэж, хайраар өлгийдүүлж өссөн хүүхэд ямар хүн болох нь ойлгомжтой. Ийм хүүхэд хүнээс үг сонсдоггүй, үг даадаггүй. Өнөө үед хүмүүсийн амьдрах орчин нөхцөл маш их өөрчлөгджээ. Олон өрөө тасалгаатай байшинд цөөн ам бүлээр суух болов. Аав нь өглөө эрт ажилдаа гараад харанхуй шөнөөр ирнэ. Ээж нь бас ажил гээд завгүй. Хүүхэд гэр бүлийн орчинд ээж ааваас үлгэр авч хүмүүжихээс илүүтэй хамт олон найз нөхдийн хүрээлэлд илүү олон цагийг өнгөрөөх болжээ. Гэртээ ирээд ч тэд ээж аавтайгаа халуун дулаан яриа өрнүүлж суухаас илүүтэй  өөр өрөөнд ороод  фейсбүүк “ухах”, таблет, компьютер дээр янз бүрийн кино үзэж цагийг нөхцөөх болсон. Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах, санаа бодлыг нь сонсох, зөвлөлдөх, сургах, үг хэлэх амьд харилцаа ийнхүү үгүй болов.

Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэсэн үг байдаг. Багаасаа зөв ёс заншил дадалд сураагүй хүн зөв хүн болж чадахгүй. Унаганд нь зэлэнд бариагүй адуу харгүй номхон морь болдоггүй, дэргэдээ заавал нэг дав дувтай, үргэсэн цочсон ааштай байдаг. Үүнтэй адил багаасаа ёс сураагүй хүн том болоод ёс зүйгүй, харилцааны соёлгүй,  унаганд нь зэлэнд бариагүй адуутай адил гэсэн үг.  Их туурвигч Бавуугийн Лхавасүрэнгийн  шүлэг  “Зүүдний гуйлга“ гэдэг дууг саяхан гавьяат жүжигчин Догмидын Сосорбарам дуулж олны сонорт хүргэсэн. Энэ дуунд,

“Чөдөр барьсан аавыг минь  ирүүлээч

Чөмөг шархиртал ороолгуулж өгөөч” гэсэн гүн ухааны мөрүүд байдаг. Энд монгол хүний хүүхдийн хүмүүжлийн нэг том философи харагддаг. Өөрөөр хэлбэл, энэ үгэнд монгол хүүхэд даруулгатай өсдөг тухай гүн ухаан шингэжээ. Биднийг бага байхад буруу хэрэг хийвэл ээж аавын шийтгэл тэр дороо л буудаг байсан. Эдүгээ “чөдрөөр ороолгуулах” тухай буюу хүүхдийг даруулгатай өсгөх гүн ухааныг ор тас хаяжээ.  Хүний битгий хэл өөрийн хүүхэддээ чангахан хэдэн үг хэлбэл өөдөөс хүүхдийн эрх, хүүхдийн хүчирхийлэл ярьдаг болсон нь нэг ёсны хэт нэг талыг барьсан өрөөсгөл гажуудал юм. Хүүхдийн эрх гэдэг үгнээс болоод эцэг эх нь хүүхэддээ үг хэлэхээ больсноос хүүхдийн “даруулгатай байх” гэдэг монгол хүний нэгэн нандин зан чанар үгүй боллоо. Энд би хүүхдийн даруулга гэдгийг зөв сайн хүмүүжил гэдэг санаагаар хэлж буй юм. Тэрнээс юу юугүй хүүхдийг “чөдөр, сураар” хүмүүжүүлэх тухай огт хэлсэнгүй. Энэний цаана хүүхэддээ аливаа үйлийн зөв бурууг хэлж ярьж ойлгуулах ухаан алдагдан бүдгэрчээ. Монголчууд үр хүүхэддээ юуг цээрлэх ёстой, юуг хориглох вэ гэдгийг хар багаас нь  хэлж сургадаг байв. Уурган дээгүүр гишгэдэггүй, хөл хүнд бүсгүйн өмнүүр гардаггүй /бидний дуулдаг дуунд хүртэл ингэж хэлдэг/. Голын усанд сүү дусаадаггүй. Мориныхоо толгой руу ташуурддаггүй. Үнсэн дээр шээдэггүй. Ахмад хүний дэргэд дал барьдаггүй. Хүүхэд том хүний ярианд оролцдоггүй. Зочин  хүний өмнүүр хоол цайн дээгүүр нь алхаж гардаггүй. Энэ бүхэн бол монгол ёс заншил, нөгөө талаар малчин монгол хүний амьдралын хэм хэмжээ байв.

ХХ зуун бол Монголд соёлын модернизацийг түргэвчилсэн хэлбэрээр хэрэгжүүлсэн буюу орос соёл гэгчийг нэвтрүүлсэн зуун байв. Дундад зууны харанхуй бүдүүлэг орноос орчин үеийн шинэ социалист маягийн аж төрөх ёс бүхий дэлхийн соёлжиж иргэншсэн нийгмийг байгуулж чадсан гэж социалист нийгмийн ололт амжилт болгон сайрхан бичиж байсан цаг саяхан. Гэхдээ ЗХУ-ын нөлөөгөөр социалист маягийн  зээлдмэл соёлыг бий болгохдоо үзэл суртлын агуулгаа голлож, үндэсний соёлыг орхигдуулан гажуудуулсан юм бий. Ийнхүү 70 жил бид үндэсний уламжлал, ёс заншлаа хувьсгалт суртлаар сольж, шашин шүтлэг, сүм хийд, ном судраа устган, ёс заншил, уламжлалт, үндэсний гэсэн бүгдийн хуучны юм, феодалын ёс хэмээн адлаж, мартагнан гээсэн тал байгаа.

1990 оны ардчилсан хувьсгалын өөрчлөлтийн явцад коммунист үзэл суртлын үл гүйцэлдэх тоталитар, хүний эрх чөлөө, үзэл бодлыг хяхан хавчсан зэрэг олон согог гажгийг олж харан барууны либераль үзэл санааг шууд хуулбарлан авч хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, барууны соёл Монголд нэвтэрч, тэр нь соёлын гол цөмийг тодорхойлогч болох үйл явц өрнөж байна. Гэхдээ өрнөдийн гэсэн бүхнийг сайн гэж хэтийдэн дөвийлгөх нь бас л өрөөсгөл болно. Өөрийн уламжлалт өв соёлыг дэлхийн сонгодог өвтэй эн тэнцүүхэн байранд тавьснаар улс үндэсний өвөрмөц соёл оршин тогтнох учиртай.

Манай соёл иргэншлийн суурь нь нүүдлийн мал аж ахуй байсаар ирсэн. Хэдийгээр бид өмнөх үеэ харанхуй бүдүүлэг гэж хоч нэр өгдөг ч, энэ л нүүдэлчин ард түмэн уртын дуу, хөөмий, морин хуур гээд дэлхийд хосгүй уламжлалт соёл,  байгалийн уянгыг дүрсэлсэн хээ угалз, сонгодог өвөрмөц уран сэтгэлгээ бүхий монгол зураг, түүнд түшиглэн хөгжсөн бурханы хөргийн урлаг, аман соёлын аугаа гайхамшиг болсон ерөөл магтаал, туульсын зохиолын дахин давтагдашгүй өвийг бүтээж чадсан билээ. Гэтэл бид энэ соёлоо ойлгох, үнэлэх, түгээх, хадгалах, бахдаж бахархах, залгамжлуулах талаар юу хийсэн билээ. Монголын соёлын эдгээр хосгүй уламжлалаа бид  нийтийн гэгдэх хямдхан соёл болох алиа наргиан, зугаа цэнгэлийн урлагаар сольж хэрхэвч таарахгүй.

Оюун санааны хүрэээнд шинэчлэл хийхдээ аль нэг эрхэмлэлийг туйлшран шүтэх нь үргэлж алдаа завхралд хүргэж байжээ. Социализмын үед соёлын уламжлалаа адлан хаясан шиг, капиталист шинэтгэлийн үед хувийн эрх ашгаар бамбайлан үнэт зүйл, соёлын уламжлал, ёс заншил, шударга ёсны уламжлалаа гээсэн түүхээ ахиад л давтах гэж үү. Бидний муу хэлээд байгаа өмнөх нийгэмд сонгодог урлаг, ардын дуу хөгжим, дүрслэх урлагийг бид дэлхийн төвшинд хүргэж чадсан гавьяа бий. Оросын хамгийн шилдэг сургуулиудад хүүхдүүдээ илгээн, дэлхийн энтэй  балетчин, дуурийн дуучин, зураач, хөгжмийн зохиолч, архитекторуудыг бэлтгэсэн. Үүний ачаар бид Азид толгой цохих хэмжээний дуурь болоод бүжгэн жүжгийн театр, сонгодог урлагийн сургууль дэгтэй болсон. Бидний нэг үе энэ урлагаар хүмүүжиж, энэ урлагаар бахархаж явсан. Гэтэл  эдүгээ сонгодог урлагаараа бахархах, залуучуудыг урлагаар хүмүүжүүлэх тухай хэн ч ярихгүй байна. Сонгодог  урлаг зах зээлийнхээ жамаар бүтээгдэхүүнээ худалдах үнэлүүлэх жамаар хөгжиж байна. Соёл урлаг ашиг арилжааны үйлдвэрлэл болж хөгжиж байгаа өнөө үед уран бүтээл ядуухан агуулгатай, гүехэн утгатай байж таарахгүй. Тэгвэл өөрөөр өөрийгөө сөнөөнө. Соёл урлаг бол хүнийг нийгэмшүүлэх гол  үүрэгтэй. Гэтэл манайд цэнгүүлэх, зугаацуулах үүрэг нь давамгайлах болж. Энэ нь хүний хүмүүжилд яаж нөлөөлж байгааг анзаарах сөхөө ч алга. Хошин шог, шоу цэнгүүн, гоо бүсгүйн шалгаруулалт, рок поп хамтлаг, эстрад урлаг, стриптиз үзүүлбэр зэрэг хямд өнгөц урлагийн бүтээлээр ард түмний оюуны хэрэгцээг тэтгэж байна. Хүнийг хүн болгох асар их нарийн утга учрыг өөртөө агуулсан бэлгэдэлт  соёлоо өнгөц хийсвэр үнэгүй шахам соёлоор солих нь монгол хүнийг ахиад л “гаж хүн” болгоход тустай үйл болох юм. Чанартай чансаатай, сонгодог урлаг ард олонд хүртээмжгүй байна. Өнгөрсөн зууны 60-аад оны кинонуудыг одоо ч үзэхэд огт уйддаггүй. Гэтэл өнөөгийн шинэ үеийн  киног нэг үзээд мартдаг. Садар самуун, аллага, хүчирхийлэл зэрэг өрнөдийн модернист хэвийг илүүтэй шүтсэн, агуулга хэлбэрийн хувьд тун ядмагхан болдог учраас тэр. Дуу хөгжим гэхэд манай  нэг нэртэй дуучны хэлснээр  “мөнгө, гавьяат хоёрт хүрэхэд хамгийн дөт зам” болоод буй. Нэг ижил саарал хоолойтой хэдэн зуун дуучин өдөр бүр шахам концерт тоглолтдоо урьсаар. Дуу цэнгүүнээр хөгждөг бол бид том үсрэлт хийх байсан биз. Гэвч дуу хөгжим нь нийгэмд ямар ч баялаг бүтээдэггүй салбар билээ. Хүмүүсийн ёс суртахуун хямралд орсон үед хүн хэт энгийн прагматик зүйлийг шүтэж, соёлын жинхэнэ бүтээлийг нийтийн соёл хэмээх соёлын “оронцогууд” орлох болжээ. Эдгээр нийтийн соёл гэдэг нь хүний зан авирыг улам дордуулж эвдэж байдаг хүчирхийлэл, аллага хядлага, садар самууныг эрээ цээргүй сурталчилдаг, нийгэмд айдас түгшүүр, гутрал төрүүлэх зүйлээр дүүрэн байдаг. Барууны соёл нь зөвлөлт маягийн соёлоос ялгаатай нь  гаднаас тулган хүлээлгэхээсээ илүүтэй бидний хувьд даган дуурайх,  түүнд сайн дураар автах шинжтэй байгаа гэдгийг судлаачид хэлдэг.  Гар утас, компьютерийн үсрэнгүй хөгжил нь техникийн эрин үеийн ололт мөн.  Тэрэнгүйгээр бид цааш хөгжих аргагүй нэг хүчин зүйл болсон нь ч үнэн. Гэхдээ энэ бүгд хүүхэд залуучуудад маань ямар эерэг болоод сөрөг нөлөөг үзүүлж байгааг судлах, ойлгуулах шаардлага бий.  Монгол хүүхдүүд автобусанд ч, гэр орондоо ч байнга  чихэвч зүүж явдаг болсон. Үүнийг бид байх л ёстой зүйл мэт бүр дасаж орхиж. Гар утсаа гадаад хэл сурах, шинэ дуу хөгжим сонсоход ашиглаж байгаа бол буруу гэхгүй. Гэхдээ чихэвчээр үргэлж хөгжим сонсож явсаар нэг талаар сонсгол муудах эрсдэлд орж, нөгөө талаар харийн соёлыг хэт шүтэх, дөвийлгөх, монгол дуу хөгжим, ялангуяа ардынхаа  урт, богино дуу, эгшиглэнт сайхан морин хуур хөгжмөө ойлгохгүй адлаж, монгол ардын дуу хөгжим бол хөгшидийн л сонсдог хуучны хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн зүйл,  хэн одоо түүнийг сонсож байгаа юм гэх үгийг  сонсох болсон нь тун харамсмаар зүйл юм.

 Монгол залуучуудын хүмүүжил, ёс зүйд  гадны дуу хөгжим, киногоор дамжин гадны соёлын нөлөө маш хүчтэй нэвтэрч байна. Ганцхан жишээ хэлье. Манайд  Солонгосын олон ангит кино үзүүлдэггүй телевизийн суваг гэж бараг алга. Хаашаа л суваг эргүүлнэв ямар нэг солонгос кино гарч байдаг. Үүгээр  дамжуулан монгол залуучууд солонгос соёлын нөлөөнд автаж, тэдний үйл хөдлөл, өмсөж зүүхээс эхлээд хэл яриа, хоол унд, гадна төрх хүртэл солонгос хэв маягт уусч байгааг анзаарахгүй байх арга алга. Жинхэнэ монгол эр хүнийг өргөн сайхан эрүү түүшүүтэй, ханхар өргөн цээжтэй, хөл нь жаахан майга ч, алхаа гишгээ нь тайван эрхэмсэг, хүдэр хадар, гартаа бүлтэй,   хээгүй талдаа гүдэс шулуун зантай гээд товчхон дүр төрхийг нь тодорхойлж болно. Гэтэл одоогийн залуучууд маань араас нь зэрвэс харвал эр, эм нь  ялгагдахгүй, шулдан гуя, хавчиг цээж, туранхай цонхигор нүүр царай, эмнэг адуу оосорлоод авах нь битгий хэл, тугалын оосрын үзүүрт гуд татуулчихмаар турьхан уяхан, эмэгтэйлэг дүр төрөхтэй болж байна гэж шүүмжлэн ярилцах нь үнэний ортой. Энэ нь гадны соёл, тэдний хоол хүнс, амьдрах хэв шинжийг хэт дуурайн автсаны нөлөө байж болох юм.  БНХАУ-д Солонгос киногоор дамжин залуучуудад үзүүлж буй нөлөөллийг анзааран хариу арга хэмжээ авч эхэлсэн талаар мэдээлж байна.  Тухайлбал, Хятадад “Жинхэнэ эр хүн” гэдэг нэртэй клубуудыг олноор байгуулан ажиллуулах болжээ. Энд хүүхдүүдийн биеийг чийрэгжүүлж, жинхэнэ эр хүний зан төлвийг олгодог аж. Энэ клубэд хичээллэсэн залуучууд спортлог сайхан бие бялдартай, хатуужилтай, хүмүүжилтэй болдог байна. Тэд толгойдоо “Жинхэнэ эр хүн” гэсэн бичигтэй тууз зүүн цээж нүцгэн гүйж, хүйтэн усанд сэлж буй зургийг Хятадын аль ч хотод харж болно. Манайхан ч гэсэн энэнээс санаа авч яагаад болохгүй гэж.

Одоо бид яах вэ гэж халаглан суух биш, харин яагаад бид ийм болчихов гэдэг талаар хэн хүнгүй ярьж бичицгээе. Тэгвэл бидэнд яах вэ гэдэг асуултад хариулт олдох биз ээ.

 

"Монголын мэдээ” сонин Д.Сандагсүрэн