Бид нэг хаягтай, чих нэгтэй нийслэлийнхэн

2019-10-03 12:46:58

Монгол Улсын хүн амын 46 хувь нь амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг бүрдүүлдэг Улаанбаатар хот. Энэ газрын өнгө зүс, байр байдал, хөгжил, соёл, ахуй ямар байх нь угтаа бол Баянхошууны Балдан, Яармагийн Янжин, Дэнжийн мянгын Дэжид, нийслэлчүүдийн дэмжлэгээр УИХ-д суусан 28 гишүүн гээд бид бүгдээс хамаарна. Учир нь бид ижил хаягтай, чих нэгтэй нийслэлийн иргэн.

Өнөөдөр нийслэлийг өнгөцхөн харахад авто замууд түгжрэлтэй, гудамж, талбайд хог дэлгээтэй, автобусанд нь түлхэлцээнтэй, худалдаа, үйлчилгээнийхэн нь ааштай, эсвэл ам “чангатай”, бас хаа нэгтээ морь харж, цэцэг, зүлгэн дээгүүр тууччихдаг “үхэрнүүдтэй”. Нийслэлчүүд маань сүүлийн үед бухимдуу байгаа нь энэ мэт асуудалтай холбоотой. Гэхдээ энэ бол түм түжигнэсэн их хотыг муулж, муухай гэж хэлэх хангалттай шалтгаан биш. Амьдралын түвшин, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, эдийн засгийн үзүүлэлт, гэмт хэргийн гаралт зэрэг чухал үзүүлэлтээр аливаа улс, хотыг сайн, муу гэж дүгнэдэг. Эдгээр үзүүлэлт өнөөдөр Монголын нийслэлд тийм ч доогуур биш гэдгийг судалгаануудаас харж болно.  

Улаанбаатар өнөөдөр Монголын соёл, урлаг, спорт, эдийн засгийн голлох төв билээ. Хэдийгээр улсын нийт газар нутгийн өчүүхэн буюу 0.3 хувийг эзэлдэг ч нийслэлийн ДНБ бүс, нутгийн хэмжээнд байнга тэргүүлсээр иржээ. Өнгөрсөн онд эл тоо 1.8 тэрбум гаруй төгрөг байж. Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжлийн үзүүлэлт сүүлийн жилүүдэд тогтвортой өссөн байна. Нийслэлийн Статистикийн газрын цахим хуудсанд мэдээлснээр, Улаанбаатарын нэг хүнд ногдох ДНБ 2017 онд бараг 12.9  мянган төгрөг байжээ. Энэ нь 10 жилийн өмнөхөөс бараг тав дахин нэмэгдсэн үзүүлэлт. Энэ бол нийслэлийн иргэдийн амьжиргаа чамлахааргүй өсөж ирснийг гэрчилнэ. Үүнээс илүү байх боломж уг нь бий. Гэхдээ тэр нь жирийн иргэдээс, хотын удирдлагаас үл шалтгаална. Үүнд төрийн бодлого хэрэгтэй.

Дэлхийн жишгээр бол том хотууд бие даасан статустай байдаг. Хаа нэгтээгээс, улс төрийн байгууллага, өндөр албан тушаалтны нөлөөлөлгүйгээр, хотын оршин суугчдын сонголтоор дарга нь томилогдож, өөрийн олсныг захиран зарцуулах эрхтэй, иргэдийнхээ төлөө тэр хэрээр хариуцлага хүлээх чадвартай засаг захиргааны нэгж гэсэн үг. Ийм бие даасан хотын хөгжил өнөөдөр дэлхийд гайхагдаж байгааг бид бүгд мэднэ. Туркийн Истанбул, БНСУ-ын Сөүл, Америкийн хотуудын жишиг ийм. Гэтэл өнөөдөр манай нийслэлийн захиран зарцуулах эрх нь хязгаарлагдмал. Ийм байдлыг халж, иргэдийн хүссэн хот, түүний зохион байгуулалт, бүтцийг өөрчлүүлэхээр нийслэлчүүд төрийн эрх барих, хууль тогтоох эрхтэй дээд байгууллагад нэр бүхий хүмүүсийг сонгосон. Гэтэл тэдэнд чин сэтгэл дутаад байна уу, цөөдөөд хүчгүйдээд байна уу, ямартай ч Улаанбаатар хотын хүн амыг төлөөлөхүйц тооны гишүүн УИХ-д алга. Уг нь эл тоогоор  гишүүдийн квот байх ёстой. Эс бөгөөс нийслэлчүүдийн асуудал, хотын хөгжил эдийн засаг талаасаа ч, хууль, эрх зүйн орчин талаасаа ч шоовдор хүүхэд шиг үлдсээр байна.

“Эцэг” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад Улаанбаатарын статусын талаар дуугарсангүй гэж учир мэдэх хүмүүс бухимдаж буй. Хотыг  дэлхийн жишгээр хөгжүүлэхийн тулд эдийн засгийн эрх чөлөө олгох учиртайг тэд тайлбарлаж байна. Хотыг аль нэгэн нам, хүчин, улс төрийн оролцоотой бус, иргэд хөгжүүлдэг олон улсын жишиг манайд падгүй аж. Тийм байхад зам тавьж, сургууль, цэцэрлэг барих ажлын хөрөнгө мөнгийг дарга нар шийдтэл хүлээж, төсөв царайчилсаар намар эхэлдэг “бурангуй” тогтолцоо өөрчлөгдөхгүй.

Өнгөрсөн оны статистикаар, 1.4 сая гаруй хүн амтай нийслэлд 387.5 мянган өрх, 4000-гаад байгууллага байна. Өөрөөр хэлбэл, 1.4 сая янзын ааш араншин, 4000 өнгө төрх гэсэн үг. Ийм өнөр өтгөн, том айлыг дээрээс “дусаасан” төсвөөр хоолтой, хувцастай, өнгөтэй авч явах нь амаргүй даваа. Тэглээ гээд яах билээ, дор бүрнээ хичээгээд эл даваан дээр гарч, цааш явахад иргэдийн оролцоо чухал. Зарим нэг алдаа, дутагдлыг эс тооцвол Улаанбаатар маань боломжийн хэрээр хөгжиж, засаж, залруулж, зөв голдирлоор явж эхэлжээ. Аливаа хөгжил тогтвортой үргэлжлэх нь чухал. Ялангуяа улс, хотын хөгжлийн бодлого урт хугацаанд тогтвортой хэрэгжих нь урагшлах хөшүүрэг гэдэг. Энэ утгаараа ч нийслэл хотод болохгүйгээсээ болж бүтэж байгаа нь олон.

Улаанбаатарыг гэрэлтэй өнцгөөс нь лавшруулан харъя. Жанжны талбайд хуримлаж буй хосууд зургаа авхуулан инээлдэх нь, дуурийн театрт дэлхийн сонгодог урлагийг шимтэн үзэж, алга ташин баярлах нь, өглөө, оройдоо ажил, гэр лүүгээ яаран, үр хүүхдээ тэврэн “шогших” залуусын инээмсэглэсэн, гэрэлтсэн царай нь, эмээ, өвөөгөө хөтлөн сургууль, цэцэрлэгтээ яваа үрсийн өнгө төрх нь, энд тэндгүй болдог урлаг, соёлын арга хэмжээнүүд нь, цэцэрлэгт хүрээлэнд нохойгоо салхилуулах иргэд нь, номын санд суух оюутнууд нь, Богд уул руугаа алхаж, зугаалж байгаа хүүхэд, залуучууд нь гээд энэ хотын аз жаргалыг өгүүлэх олон зүйл бий.

Мэдээж тулгамдсан асуудал хаа сайгүй байгаа. Хамгийн наад зах нь нөгөөх л мөнгөний гачаал, түүнээс үүдэлтэй хүндрэлүүд. Мөнгө “горьддог” нийслэлийн удирдлагад өнөөдөр өсөн нэмэгдэж буй хүн амын амьдралын түвшнийг хангахын тулд ерөнхий төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, орон нутгийн болон улсын түвшинд төсөвт өөрчлөлт оруулах, хувийн хөрөнгө оруулалтыг татах гэхчлэн олон шаардлага, хэрэгцээ бий. Энэ бүхнийг ганц хэлээд л хийчих амар ажил биш. Хот бол олон аж ахуйн нэгж, байгууллага, өрхөөс тогтдог, эдийн засгаар хараат айл. Тэр болгоныг зохицуулахад цаг хугацаа, зөв ойлголцол, олсон хэдээ зөв хуваарилах, гэр бүлийн гишүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх гээд асуудал мундахгүй. Гэр орон тань дулаахан, тохь тухтай, эвсэг, аз жаргалтай байхад аав, ээж, үр хүүхэд, эмээ өвөө гээд бүгдээс нь шалтгаална. Амжилтад хүрч, шаардлагатай үр дүн хүртэх зайлшгүй нөхцөл бол хотын хүн амын шууд оролцоо гэдгийг дэлхийн туршлагууд харуулдаг. Өөрөөр хэлбэл, амжилттай хөгжлийн хамгийн гол хөшүүрэг нь иргэдийн оролцоо гэдгийг олон улсын судлаачид тэмдэглэжээ. Гэхдээ тэдний байгуулсан хотын зохион байгуулалт, статус биднийхээс өөр гэдгийг онцлох ёстой. Иргэд өөрөөс шалтгаалах наад захын үүрэг, хариуцлагаа ухамсарлах учиртай. Иргэдийн ярьдгаар хотын соёлд суралцах нь чухал. Хотын соёл гэдэг нь угтаа бол иргэншсэн нийгэмд биеэ авч явах байдал шүү дээ.

Хотын оршин суугчид хоноцын сэтгэлээр хандаж болохгүйг гадаадын нэгэн танил маань хэлж билээ. Тэрбээр “Амьдралд тохь тухтай, бүх талаараа сэтгэл татам сайхан хот бий болгохын төлөө хамтдаа үүрэг, хариуцлага үүрэхийн чухлыг Казахстаны нийслэлийн иргэд дээд зэргээр ухамсарласан учраас ЮНЕСКО-гоос “Дэлхийн хот” өргөмжлөл хүртэж, амжилттай өрсөлдөх чадвартай нийслэлээр зарлагдсан” гэж ярьсан. “Иргэд нь үл итгэгч байр суурьтай, үүрэг хариуцлагын талаар бус, өөрийн эрхийн тухай л яриад байвал танай хот агаар, хөрсний бохирдлоосоо хэзээ ч салахгүй. Яг үнэндээ аливаа болж бүтэхгүй зүйлийн гол шалтгааныг судлахад иргэдийн буруу үйл ажиллагаа, буруу сэтгэлгээ дийлэнх хувийг эзэлдэг болохыг олон улсын судалгаагаар баталж, нотолсон. Тиймээс Улаанбаатарт амьдарч байгаа хүн бүрийн хүчин зүтгэл, хамгийн гол нь сэтгэл, хандлага чухал” гэж хэлснийг нь дурдахад илүүдэхгүй болов уу. Тэр эмэгтэй манай хотод 10 жилийн хугацаанд хоёр удаа ирсэн юм. Өнгөрсөн онд буцахдаа “Танай хотод хөгжил “үнэртэж” эхэлжээ. Харамсалтай нь, жигд бус байна. Хөгжлийн зөрүүтэй байдал нь тухайн газарт амьдардаг хүмүүстэй шууд холбоотой. Улаанбаатарын гэр хорооллынхон ядуу байгаа нь сэтгэлгээний буруугийнх. Уг нь уламжлалт сууцандаа амьдарч, нүүдэлчдийн соёлын нэгэн илэрхийлэл болж байгаагаараа бахархах ёстой атал “Бид ядуу учраас гэр хороололд амьдарч байна” гэж бодохоор яаж хөгжих билээ” гэснийг ч бодууштай. Түүнийхээр бол хотын хувьд таны дуу хоолой, дүр төрх нэн чухал. Тиймээс  бүгдээрээ нэрээ хичээж, хандлагаа өөрчилж, бухимдалгүй Улаанбаатарын төлөө хамтдаа алхъя.

Монголын нийслэлийн хүн амын дийлэнх буюу 67 хувийг 35-аас доош насныхан эзэлж байгаагаас 30 хувь нь 16 хүртэлх насныхан. Зөв залж, үлгэрлээд явбал жинхэнэ соёлтой хотын иргэдийг төлөвшүүлэх боломж нийслэлийн ахмад, дунд үеийнхэнд байна гэсэн үг.

Улаанбаатарыг өнгөтэй, өөдтэй байлгах нь зөвхөн удирдлага, мэргэжлийн байгууллагуудын үүрэг биш. Тиймээс эл хөгжилд иргэд, олон нийтийн оролцоог хангах, хотын соёлыг төлөвшүүлэх, нийслэлчүүдийг соён гэгээрүүлэх, нийгэмд эерэг хандлага, зөв дадал хэвшүүлэх зорилгоор хороодод соёлын элч ажиллуулахаар нийслэлийн Засаг дарга энэ сарын 12-нд захирамж гаргажээ. Нөгөөтээгүүр, улаанбаатарчууд нийгмийн сүлжээ ашиглан хотын соёлыг төлөвшүүлэх, амьдралын чанараа дээшлүүлэх тал дээр харьцангуй идэвхтэй байна. Хүмүүсийн ёжилдгоор “орк” оршин суугчийг шахах хандлага бий болжээ. Энэ бол сайн. Нэгээс арав, арваас 100 гэхчлэн нэгэндээ нөлөөлж, хотын соёлыг тодорхой хэмжээнд түгээсээр “ногоонууд” улаарч, хамтдаа хөгжих хандлага тогтох буй за. Хамтдаа хөгжиж, иргэнээ дээдэлсэн нийслэлийг цогцлоохоор хотын удирдах албаныхан тал бүрээр мэрийж буй.

Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулах нөхцөл бүрдүүлэх, хот хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх түлхүүр бол жил бүр баталдаг төсөв юм. Улаанбаатар гэдэг айлын халаасан дахь хэдэн “борыг” хэн, хэрхэн зарцуулж буйг иргэд нэгбүрчлэн мэдэх боломж хомс байсан. Тиймээс төсвийн талаарх мэдээллийг иргэдэд ойлгомжтойгоор хүргэж, төсвийн үйл явцад олон нийтийн хяналт, оролцоог нэмэгдүүлэх, ил тод байдлыг сайжруулах зорилгоор “Нийслэлийн иргэдийн төсөв” хэмээх эмхэтгэл гаргаж, хотын төсвийн орлогын эх үүсвэр, гарч буй урсгал болон хөрөнгө оруулалтын зардал, гадаад, дотоодын зээл тусламжийн тухай мэдээллийг иргэдэд ил тод хүргэх болсон. Эл эмхэтгэлийн оршил хэсэгт нийслэлийн Засаг дарга “Иргэн таны санал санаачилга, идэвхтэй оролцоо нь нийслэл хотын бүтээн байгуулалт, ирээдүйн хөгжилд нэн чухал” гэж тэмдэглэсэн байна. Үүнийг хамтдаа хөгжихийн тулд жаргал, зовлонгоо мэдэлцэж, харилцан ойлголцох гэсэн зарчим,  зөв шийдвэр, зөв хандлага, зөв чиглэл гэж талархан хүлээж авлаа.

Москва хотынхон соёл, урлагийн төв болсон газарт амьдардгаараа маш их бахархдаг. Арга ч үгүй биз, тус хотод Большой, Малый гэхчлэн 100 гаруй театр, 60 музей бий.  “Би Парисынх” гэсэн хандлага францчуудын дунд байдаг. Энэ нь амьдардаг хотоороо, түүний үүх түүх, соёлоор бахархаж, тэнд амьдарч буйгаа нэгэн давуу тал гэж үздэгийн илэрхийлэл. Дэлхийд соёл түгээгч хотын иргэд гэдгээрээ тэд бахархан, гайхуулдаг. Энэ мэтээр дэлхийн хотуудын иргэдийн тухай дурдаад байвал дуусахгүй. Хамгийн гол нь тэд бахархаад л болчихдоггүй. Бахархлынхаа төлөө хамтдаа нэгэн зүгт хөдөлж чаддаг юм. Агуу түүхтэй Монгол Улсын зүрх болсон хотын иргэд бид ч Москва, Парист амьдардаг хүмүүс шиг байх боломжтой. Үүний тулд төрийн бодлого, төр, засгийнхны дуу хоолой чухлыг дахин онцолмоор байна. Улаанбаатар бол улсын нийслэл төдийгүй хөгжил, цэцэглэлтийн нүүр царай нь билээ. Улсын хөгжлийг нийслэлийнх нь өнгөөр шинждэг жишиг бийг ч санахад илүүдэхгүй. Монголын хөдөө тал нь сэтгэл татам ч, нийслэл нь “царай муутай” гэж гадаадын олон жуулчин тэмдэглэлдээ онцолсон байдаг шүү, төр, засгийнхан минь.

 

“Өнөөдөр” сонин Ж.Эрдэнэцэцэг