Өнгө нэмж буй Улаанбаатар

2019-10-03 12:43:06

Монгол Улсын нийт хүн амын тал нь оршин суудаг Улаанбаатар хот өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байна. Хэдхэн жилийн өмнө эзэнгүй шахам байдаг байсан хотын баруун, зүүн, хойд, урд захын хүн амын тоо нэмэгдэж, нийслэлдээ багталцахгүй шахам амьдарч байгаа нь үнэн. Зөвхөн Сонгинохайрхан дүүрэг дээр л жишээ авахад хорооны тоо 40-рүү дөхөж явна. Анх төлөвлөснөөсөө хэт дахин нэмэгдсэн хүн амын нягтаршлаас үүдэн хотын авто замын хөдөлгөөн зогсонги байдалд орох нь холгүй байгаа. Иргэд ч үүнд нэлээдгүй бухимдалтай явдаг. Хэдий тийм ч Монгол Улсыг, цаашлаад нийслэл хотыг удирдаж яваа эрхмүүд иргэдийнхээ ая тухтай байдлыг хангах, авто замын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх, Улаанбаатарт өнгө нэмэх тал дээр олон ажил хийж буйг үгүйсгэж болохгүй. Хотод шүүмжлэлтэй зүйл олон ч сайныг бас сайшааж байх ёстой. Тиймээс энэ удаа хотод өрнөж буй бүтээн байгуулалтыг онцоллоо. Энд нэг зүйлийг зориуд онцлохыг хүсэв. Тэр бол нийслэлийн удирдлагууд хотын бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийн тулд шүүмжлэлээс үл эмээн зоригтойгоор хийх гэснээ хийж байгаа нь сайшаалтай. Ажил хийсэн хүн шүүмжлэлд өртөх нь энгийн үзэгдэл болсон өнөөгийн нийгэмд эерэг хандлагыг түгээхийг зорилоо.

Нийслэл дэх гүүр хоёроор нэмэгдлээ

Маш богино хугацаанд хоёр том гүүр ашиглалтад оров. Эхнийх нь Замын цагдаагийн уулзварт барьсан гүүр. Шинэ гүүрэнд хараахан нэр өгч амжаагүй ч хотын түгжрэлийг бууруулахад, тодорхой хэмжээнд үр дүнгээ өгч эхэллээ. Энэ бол сайшаалтай. Ашиглалтад ороод удаагүй байгаа энэхүү гүүрийг барьснаар түгжрэл хэдэн хувиар буурсан нь тун удахгүй тодорхой болно. Хоёр хөршийн тусламжтайгаар барьсан уг гүүр түгжрэл бууруулахаас гадна нийслэлд өнгө нэмж буй. 10-аадхан жилийн өмнө хотын хамгийн том гүүр нь Энхтайваны гүүр байлаа. Харин долоон жилийн өмнө япончуудын тусламжтайгаар Нарны гүүрийг барьсан. Улмаар өнгөрсөн онд Яармагийн гүүрийг шинэчлэн ашиглалтад оруулсан бол энэ жил Замын цагдаагийн гүүр, мөн Сонсголын хос гүүрийг цоо шинээр ашиглалтад хүлээн авч байна. Ингэснээр Улаанбаатар хот таван том гүүрэн гарцтай боллоо. Энэ бол маш том дэвшил. 10 жилийн дотор ийм бүтээн байгуулалт хийнэ гэдэг ололт юм. Түүнчлэн Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудалтай холбосон хурдны зам бол XXI зууны хамгийн том бүтээн байгуулалтын ажил билээ. Улаанбаатар-Хөшигийн хөндийг холбосон авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан. Энэ нь “Яармагийн товчоо-Айцын даваа- Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.226 км урт, асьфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31метр, хоёр урсгал зургаан эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн хурдны авто зам юм.

Шинэ нисэх онгоцны буудалтай болов

Монголын хамгийн том нисэх онгоцны буудал нь “Буянт-Ухаа” дахь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал байлаа. Гэвч XXI зуунд энэ нь дэндүү жижигдэж байсан нь үнэн. Монголчууд тулдаа л болгоод явдаг байсан биз. Харин өнөөдөр Хөшигийн хөндийд шинэ нисэх онгоцны буудалд ашиглалтад оров. Яг өнөөдрийн нөхцөлд онгоц хүлээн авч, албан ёсоор үйл ажиллагаа эхлээгүй ч энэ нь бол нүдээ олсон бүтээн байгуулалт байлаа. Зуун дамнасан шинэ бүтээн байгуулалт үйл ажиллагаа явуулж эхэлснээр одоогийн нисэх онгоцны буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ. Шинэ нисэх онгоцны буудал нь 2020 оны тавдугаар сараас зорчигчдоо авч эхлэх бөгөөд тэр хүртэл дотоод менежмент болон хуучин нисэх буудлыг нүүлгэх ажил үргэлжилж байгаа юм. 2013 оны зургадугаар сарын 25-ны өдөр ажлаа эхлүүлсэн бөгөөд нийт 65.6 тэрбум иенээр босчээ. Жилдээ гурван сая хүртэл зорчигч хүлээн авна. 21 онгоц хүлээн авах зогсоолтой, 32 объекттой, 3.800 метр шоо дөрвөлжин талбайтай, хоёр талаасаа онгоц зэрэг бууж хөөрнө. Нислэгийн цамхаг нь есөн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Зургаан эгнээ хоёр урсгалтай, орох, гарах хаалга эмх цэгцтэй, үдэлт угталтын танхим зохион байгуулалттай энэхүү түүхэн бүтээн байгуулалт нь 1200 га талбайг эзэлж байна. Мөн 800 метр куб хүчин чадалтай цэвэр усны байгууламж, 42 мегаваттын хүчин чадалтай дулааны станц, 825 автомашины зогсоол, 200 автомашины дулаан зогсоолтой юм.

Чингэлтэйд стандарт бүхий хөнгөн атлетикийн зам, хөлбөмбөгийн талбай байгуулав

Монгол Улсын хүн амын 60 гаруй хувь нь 30 хүртэлх насныхан гэсэн баримт бий. Өөрөөр хэлбэл, Монгол Улс  хүүхэд, залуучуудын орон гэхэд буруудахгүй. Үүнтэй холбогдуулаад бодохоор, барагцаагаар 1.4 сая гаруй оршин суугчтай хотод хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх газар хамгаас чухал. Ядаж л биеийнхээ чилээг гаргаад гүйчих, эсвэл тааваараа дугуй жийчих зам, талбай алга. Мөн хосууд тааваараа болзож, зугаалах цэцэрлэгт хүрээлэн үгүйлэгдэж л байна. Тэгвэл нийслэлийн хэд, хэдэн байршилд иргэд чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн болон спорт талбай байгуулах зураг төслийг өнгөрсөн тавдугнаар сард батлуулсан байдаг. Энэ нь биеллээ олж саяхан Чингэлтэй уулын энгэрт олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай, хөнгөн атлетикийн гүйлтийн зам ашиглалтад орсон билээ. Энэхүү хөнгөн атлетик, хөлбөмбөгийн талбайн хэмжээ нь 108x72метр бөгөөд олон улсын стандартад нийцсэн хиймэл зүлгэн талбай, 400 метрийн тойрог бүхий гүйлтийн зургаан зам, дугуйн зам, галын техникийн спортын олон төрөлт олон улсын тэмцээнийг зохион байгуулах бүрэн боломжит 2000 хүний суудалтай аж. Түүнчлэн 18 төрлийн 43700 ширхэг мод, бут, сөөгтэй 80 мянган га талбай ногоон орчин бүхий томоохон бүтээн байгуулалт болсон. Тус талбай нь дэлхий дахины спорт болсон хөнгөн атлетик, хөлбөмбөгийн төрлүүдээр уралдаан тэмцээн зохион байгуулах, хүүхэд, залуучууд хичээллэх, мэргэжлийн дасгалжуулагч нарыг бэлтгэх, ур чадварыг дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлогтой. Үүнээс гадна Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны Хил хамгаалах ерөнхий газрын баруун талд 1.8 га талбай ашиглалтад орж байна. Тус газарт олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай, экстрим спортын талбай, гүйлтийн зам, хажууд нь амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх амралтын талбай бүхий иж бүрэн спортын талбай байгуулж байгаа юм. Мөн 580 гаруй хүний суудлыг буцаан сэргээн засварлаж эхэлжээ. Залууст зориулсан бүтээн байгуулалт үүгээр дуусахгүй. Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах РЦНК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хажууд 2.4 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай барихаар болсон. Уг газарт барилгын ажил эхлүүлээд хашаалаад орхисон ухаж сэндийчсэн газар, олон жилийн барилгын хур хог овоолоостой байгаа аж. Тиймээс тохижилтын ажил эхэлсэн ч багагүй хугацааг зарцуулна гэдгийг албаны хүн онцолж  байлаа. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Гадаад харилцааны яамны харьяа “Дипломат 95” орон сууцны ойролцоох “Диана” сургуулийн урд талбайд байрладаг 812 метр квадрат талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн барих ажил үргэлжилсээр. Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх бүсийг дурдаад байвал Blue Mon-д газар доор авто зогсоолтой амралтын талбай, УДЭТ-ын өмнөх талбайгаас гадна Богд хааны музейн зуны ордны 2000 м/кв талбайг цэцэрлэгт хүрээлэн болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүд Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр дахин нэг цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж, салхилах боломжтой болсон гэсэн үг.

Гэр хорооллын хөгжил ч тэнцвэртэй байх ёстой буюу дэд төвийн бүтээн байгуулалт

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. Төсөл гурван үе шаттайгаар нийт есөн жилийн хугацаанд үрргэжлилнэ. Тэгвэл төслийн эхний шат Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 70 гаруй хувьтай хэрэгжиж байна. Хоёр, гуравдугаар шатанд Дамбадаржаа, Дэнжийн мянга,  Шархад, Толгойтрд бүтээн байгуулалтын ажил өрнөх учиртай. Эхний шатанд Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор 100 гаруй аж ахуй нэгж, 3000 гаруй өрхийг дулаанд холбох боломжтой болох юм. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 4.1 км дулааны шугам барихаас 2.8 км, 3.9 км цэвэр усны шугам барихаас 2.6 км, 5.5 км бохир усны шугам барихаас 3.8 км, 3.7 км авто зам барихаас далангийн ажлыг хийж, хучилт хийхэд бэлэн болсон байгаа аж. Түүнчлэн Баянхошуу дэд төвийн 227, 163, 78 дугаар цэцэрлэг, 76 дугаар сургууль, дүүргийн Эрүүл мэндийн гуравдугаар амбулатори гэх мэт олон барилга байгууламжийг төвийн дулаанд холбох нийт 30 км дулааны хос шугамын ажлууд хийж байгаагаас 15.8 км хос шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Товчхондоо бол энэ. Нийгмийг хар бараанаар будъя гэвэл түүн шиг амархан ажил байхгүй. Харин хотын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж буй шинэ бүтээн байгуулалтын ажлуудыг бид сайн, муу бүх талаас нь дурдах хэрэгтэй. Гэхдээ бүтээн байгуулалт хэзээ ч муу үр дүн авчирдаггүй гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз. Бүтээж байгаа нь энэ гээд дуртай газраа байшин барилга босгоод байж болохгүй, аливаа зүйл хэмжээ хязгаартай, бас эмх цэгцтэй, дэс дараалалтай байх ёстой. Өнөөдөр шүүмжилж болох ч маргааш тухайн бүтээн байгуулалт үр дүнгээ өгөөд эхлэхийн цагт магтан сайшаах олон хүн гарна. Нийтийн тээврийн зохицуулалт, утааг бууруулах хөтөлбөр, нийслэлийн өмхий үнэрийг арилгах, иргэдээ хямд орон сууцаар хангах гээд олон ажил хотын удирдлагуудыг хүлээж байгаа нь гарцаагүй. Гэхдээ асуудлыг сайжруулах ажлыг богино хугацаанд шат дараалалтайгаар хийж байгаа нь сайшаалтай.

 

“Үндэсний шуудан” сонин Б.Мөнхзул