Эд хөрөнгө, идэж уух, бие сэтгэлийн шуналд автахгүй байж хүний төлөө нийгэм байгуулцгаая

2019-10-03 11:55:47

Сэтгүүлч мэргэжилтэйн хувьд бас багагүй хугацааг хүний нутагт өнгөрөөж бусдын адил европын улсын ахуй амьдрал, нийгмийн хөгжил дэвшлээс суралцан нүдээр харж, биеэр туулж өнгөрүүлсний учир хувь хүн өөрөөсөө эхлэн нэвтрүүлж, хэвшүүлж болох боломжийн талаар ийнхүү бичиж уншигч танд толилуулж байна. “Явсан хүнээс үг сонс” гэж ахмад буурлууд маань зүгээр ч нэг хэлж байгаагүйн жишээ болгож нийслэлдээ ирээд мэдэрсэн эхний мэдрэмж болон бухимдал үүсгээд байгаа асуудлын талаар уншигч тантай өөрийн бодлоо хуваалцахаар ийнхүү үзэг цаасыг холбон бичлээ.

“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас

Хүний хүү эрдэм өвөртлөн харина” 

Тэртээ 1927 онд их зохиолч Д.Нацагдорж үе үеийн, хойчийн үрсэд хэзээ ч мартагдахгүйгээр бидэнд үлдээсэн шүлгийн мөрт өнөөдөр манай залуусыг дэлхийн улс орнуудын хөгжлөөс суралцан улмаар эх орондоо түгээн дэлгэрүүлэхийг уриалан дуудсаар байгаа билээ. Энэ уриа дуудлагын мөрөөр шинэ үеийн залуус дэлхийн өнцөг булан бүрт сурч, ажиллаж амьдарч усыг нь ууж, ёсыг нь дагаж тухайн улс орны хөгжил дэвшил, амьдрал ахуйгаас өөрийн улсын хөрсөнд буулгаж, нийгэмдээ хэвшүүлэх гэж зорих нь эх орноо гэсэн сэтгэлийн дуудлага мөн билээ.

Гэвч гадны орныг тэмүүлэгч хүмүүсийн хувьд өөрийн гэсэн орон байртай болох, амьдрал ахуйгаа дээшлүүлэх, улмаар амар тайван амьдрах хүсэл зорилго байдаг. Харин эх нутгаасаа хол яваад хүсээгүй амьдрал туулж, хүний нутагт сэтгэлийн шаналал эдэлнэ гэж сэтгэлдээ төсөөлөөгүй нь тунчиг олон. Хүний нутгийн хатуу хөрсөнд тэвчин байж зүтгэлээ, ажиллаа, сурлаа. Үр дүнд нь зорилгоо биелүүлж хичээсний хүчинд өөрийн гэх орон байртай, унах унаатай болсон зарим нь хүний нутагт сэтгэл хорогдох юмгүй нутгаа санасан морь шиг л гүйж ирдэг.

Монгол сайхан эх орондоо бөөн хүсэл тэмүүлэл өвөртлөн ирээд нөгөө л хуучин саарал амьдрал, нийгэм нь бүхэлдээ бухимдалтай, орлого цалин бага байдалтай тулгараад “За даа ер нь цуглуулсан хэдэн цаасаа үрээд дуусах нь, ажлаа хийгээд амар амгалан амьдрах хэрэгтэй юм байна, буцахаас даа” гэсэн хүмүүс аргагүйн эрхэнд дахиад хүний нутгийг зорьдог. Харийн улсын амар амгалан руу зүтгэх Монголчууд минь, залуусаа...бэрхшээлээс шантарч, бэлэн сайхан амьдралыг хэдий болтол мөрөөдөж, улсаа хөгжүүлэхээс хойш суух билээ дээ. Харьд одож амьдрагсдыг “Нутагтаа ирээд нийслэлээ, эх орноо хамтдаа хөгжүүлж, хамтдаа амьдралаа босгоцгооё” гэж сэтгүүлч хүний хувьд уриалан дуудаж байна.

Эрдэмт хүмүүс сургахдаа “Эдийн шунал, идэж уухын шунал, бие сэтгэлийн шунал нь дарагдсан хүн зөв сэтгэл, хүн чанараа алдалгүй, ажил хөдөлмөр хийж зүтгэвэл сайхан амьдарч болно” гэж захисан байдаг. Нээрээ л эд хөрөнгө, идэж уух, бие сэтгэлийн шуналгүй бол юундаа бухимдах билээ. Эдгээр гурван шунал нь дарагдсан хүн муу зүйл хийхгүй нь лавтай. Шунал нь дарагдаагүй хүн хөрөнгө мөнгийг эрдэнэ гэж шүтэн авилгад автаад, идэж уухыг эрхэм болгож эрүүл мэндээ алдаад, бие сэтгэлийн зуурдын жаргалыг таашаал гэж андуурснаас гэр бүлээ алдсанаар хүмүүний амьдралыг утгагүй байна гэж сэтгэл гутралд автаад стресс бухимдалтай байгаа нь үнэхээр харамсалтай байна. Эдийн шунал, идэж уухын шунал, бие сэтгэлийн шуналд автахгүй байж гэмээнэ хүмүүний амьдрал бухимдалгүй, амар амгалан байж болно гэдгийг хүний төлөө нийгэм байгуулсан улс орны жишээ харуулсаар байна.

Их хугацаа биш санагдах ч 10 жилийн өмнө миний амьдарч байсан улсын маань нийслэл Улаанбаатар хотыг өнөөдөр харвал өндөр шилэн барилгууд олонтой, өргөн уужим зам талбай ихтэй, дэлхийн томоохон улс оронд явдаг бүх төрлийн автомашин сүлжилдсэн өөрөөр илэрхийлбэл “Орчин үеийн том” хот болжээ. Олон давхар барилга, түгжрэл үүсгэх тоо тоймшгүй машинаар хотын хөгжлийг тодорхойлбол хотын маань хөгжил дэлхийд нэлээд дээгүүр байр эзлэх нь лавтай. Гэвч энэ олон замбараагүй, эмх цэгцгүй хотын барилгыг бишрээд, түгжрэл үүсгээд байгаа бүх төрлийн автомашиныг хараад, нүүрэндээ байнгын уур бухимдалтай, бусармаг хараал хэлж, нус шүлсээ гудмаараа дүүрэн хаях хүмүүсийг хараад нийслэл маань их сайхан хөгжсөн байна гэж баярлавал арай л өрөөсгөл ойлголт гэж бодогдож байна.

Улаанбаатар хотоо гадны улстай жишиж байшин барилгаа нэмж, хөл гишгэх зайгүй болгосоор байх уу? Замаа өргөн болгохын хэрээр машины тоогоо нэмж уур бухимдлаа ихэсгэх үү? Ажилтай орлогоо нэмэгдүүлнэ гээд хот дундаа шавааралдсан хэвээр байх уу? Амьжиргаа нь дээшлэг гээд замын хашлага налан орилж суугаа үүргийн худалдаа эрхлэх хүмүүсийг өөгшүүлсээр байх уу?

Өөрчлөн байгуулалт хийж, шинэ нийгэм байгуулж 30 жил хөөрч амьдарсаар энэ бүхнийг цэгцлээгүй байж хотоо тэлж, хүнээ соёлжуулаад гэж ярих амьдралд нийцэхгүй байна. Хаашаа л харна эв хавгүй, өнгө үзэмжгүй төмөр сараалжин хашаа, бүр ТҮЦ-ийн жижигхэн байшин хүртэл хайсаар хашигдсан улсын маань нийслэл Улаанбаатар хот бүхэлдээ өнгө нь гундсан “СААРАЛ” харагдаж байна. Өнгө нь гандсан дээл шиг...

Гэхдээ нийслэлийн иргэдээ соён гэгээрүүлье гэвэл хувь хүнээс эхэлмээр байна. Хувь хүн бүр арчаатай, хотоо гэсэн сэтгэлтэй, ухамсартай болсноор нэг гэр бүлийг, нэг гэр бүлийн хүн тус бүр нэлээд хамт олныг, бүр цаашилбал хэсэг хамт олон нийлж байж нийслэлийн иргэдэд соён гэгээрэл, ухамсрын шинэчлэлтийг хүргэж чадна гэж би хувьдаа харж байна.

Европын хөгжилтэй улс орны иргэд яагаад уур бухимдалгүй, стрессгүй, өвчлөл багатай, иргэд нь тайван, ажил орлоготой амьдраад байгааг нь тэдний дунд хамтдаа ажиллаж, амьдраад мэдэж авсанаа нийслэлийн иргэн танд мэдээлэл болгон хүргэх гэсэн юм.

Хүний төлөө нийгэм байгуулсан европын орны иргэн ямар ч ажлыг хийхдээ гэр бүлийнхээ төлөө гэж сэтгэл гарган, эхлээд өөртэйгээ тулж, ажлын ачаалал болон үг даах чадвартай, хүнтэй хамтарч баг болон ямар ч ажлыг стандарт заавар, журмын дагуу цагтаа бүрэн амжиж хийх ёстой гэдгийг өөрөөсөө эхлэн ухамсарласан байдаг. Ингэж сурвал бусдад ямар ч дарамт хүндрэл учруулдаггүй. Өөрөөсөө эхэлж соёлтой, ухамсартай харьцааг бий болгож чадвал ажлын байр, хийж байгаа ажил, сурч байгаа орчин дарамт стрессгүй болж байна. Ажлын ямар ч нэгжид ажил цагтаа эхэлж, цагтаа дуусах ёстойг өөрөөсөө эхлэн хэвшүүлж сурсан байдаг. Цаг маш сайн баримталж 1 минутын хоцрогдолгүй ажил, сургуульдаа ирдэг болж цагийн менежмент гэдэгт суралцаж улмаар ажил сургууль, амралтаа өдөр, сар, жилээр төлөвлөж хэвшдэг. Эмнэлэгт үзүүлэхийн тулд долоо хоног болон сарын өмнө цаг авснаар бусдын ажлыг хүндэтгэх, улмаар өөрийн ажлаа төлөвлөсний дагуу хийж сурна. Үүнийг манай иргэд хэвшүүлж сурвал эрүүл мэнддээ эрт анхаарахад чухал ач холбогдолтой.

Хүнд худлаа хэлбэл хэрхэн бусдыг болон өөрийгөө хохироож болохыг ойлгож авдаг. Худал ярьснаас болж өөрийн болон бусдын ажилд ямар их саад, хохирол учруулснаа хожим ойлгож алдаандаа гэмшиж байснаас ерөөсөө худлаа ярихгүй байгаад сурчих нь хувь хүний заавал хэвшүүлж сурах соёл мөн.

Бусдад өчүүхэн санагдах ч бие биедээ талархаж, урам өгч бас өдөр бүр мэндэлж сурмаар байна. Эхлээд өөрийгөө бүхий л талаар хайрлаж эрүүл мэнддээ анхаарч, бусадтай эелдэг харьцаж, өөрт оногдсон ажил үүргээ чин сэтгэлээсээ хийгээд сурвал бусдыг хүндэлж харьцах тийм ч хэцүү биш.

Ажилтай, орлоготой байснаар өөрийн хүслээр аялж, хүссэнээ худалдаж авч амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломжтой гэдгийг маш сайн ойлгож ухамсарлах хэрэгтэй байна. Ажилтай хүмүүсийн сар бүрийн татвараас ажилгүйдлийн тэтгэмж аваад амьдраад байдаг хүмүүс нийгмийн хөгжилд саад болж байна. Тиймээс ажиллаж байж татвараа төлөөд шаардлагатай үед тэтгэмж, тэтгэвэр авах эрхтэй гэдгээ хувь хүн бүр маш сайн ухамсарлах хэрэгтэй байна.

Төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн газраар ажил хөөцөлдөхийн тулд шат дараалан зөвшөөрөл авч, олон бичиг баримт бүрдүүлж, олон даргын үүдийг сахиж суудаг цаг үрсэн байдлыг цэгцлэх шаардлагатай болжээ. Бүхий л шатанд цахимжуулж тухайн хүний тодорхой мэдээллийг цахим бүртгэлд бүртгэснээр шат дараалсан шалгалт, тодорхойлолт гэх зүйл огт хэрэггүй болно. Европын улс орнуудад зөвхөн банкны болон эрүүл мэндийн картаар бүх төлбөр тооцоо, бүртгэл хийгддэг болохоор хувь хүнд ямар ч хүндрэл гардаггүй. Зээл, цалин авахад банкны карт байхад л болоо. Эмнэлэгт үзүүлэхэд Е-карт буюу эрүүл мэндийн байхад л болоо. Манайд ийм тогтолцоо хэрэгжиж чадвал хүнд суртал, бичиг цаас, цаг зав үрж, уур бухимдал үүсгэсэн байдал арилах нь лавтай. Эцэст нь нийтээрээ хэлбэрдэж амьдрахаа л болимоор байна. Хүнд сайхан, чинээлэг харагдах гэж зээлийн өрөнд орох, бусдаас дээгүүр байх гэж албан тушаал горилохоо больцгооё. Таван хүн тутамд ахлагч, дарга, эрхлэгч, захирал, группийн ерөнхийлөгч гээд байгууллага бүрт даргын албан тушаалд тааруулж харьцах гэж бид өөрсдийгөө стресст автуулж бухимдаад байна. Аливааг зөв өнцгөөс харж, зөв тал руу нь чиглүүлж ирээдүй хойч үеэ зөв хүмүүжилтэй болгоё. Энэ мөчөөс эхлээд өөрчлөлтийг өөрсөө эхлүүлье. Баярлалаа.

 

Бичсэн: “Улстөрч” агентлагийн “Улстөрч” сайт, сонин, сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Д.Отгонтуяа