Миний оруулах хувь нэмэр, гэвч мөн болов уу?

2019-10-03 11:26:05

Би Нийслэлийн барилгажсан хорооллын нэгэнд амьдардаг. Хууль, журам, ёс зүйг сахидаг, үнэт зүйлтэй, соёлжсон, нийгмийн хариуцлагатай, мэргэжлийн ур чадвар өндөртэй хотын иргэн болохыг хичээж буй нэгэн.

Гэтэл би Улаанбаатар хотынхоо агаар, хөрс, усны бохирдол, хог хаягдлыг нэмэгдүүлдэг, автозамын түгжрэлийг ихэсгэдэг нэг эх үүсвэр нь бас мөн аж. Энэ нь байгууллагадаа хичээн байж оруулж байгаа хувь нэмрээс минь давчлаа.

Хэрхэн сайныг тэтгэхийн хамт, саарыг илүү хурдтай багасгаж, бүр арилгах вэ? Яаж? Хэзээ? Хэдий хэмжээгээр? Би ер нь чадах болов уу?

Ажлын бүтээмж, бүтээгдхүүн, үйлчилгээнийхээ чанарыг нэмэгдүүлэхийн төлөө явахын зэрэгцээ би, дээр дурьдсан мууг сааруулах, улмаар арилгахын тулд энэ чиглэлийн батлагдсан МУ-ын хуулиуд, ЗГ-ын тогтоол, УБ хотын захиргааны зөвлөмж, түүний дотор ХОТ концепци зэргийг судалж үзээд, Нийслэлийн Хүндэт тэмдэгтэй иргэний хувьд, өөртөө зорилго тавив. Үүнд:

 

  1. Зорилго

 

Ус, эрчим хүч ба түлээ нүүрсийг багаар ч болов хэмнэх арга олох, цаашилбал ихээр хэмнэх, бүр хэрэглэхгүй байх!

Бүх төрлийн бохирдлыг бууруулна: Хөрс, ус, агаарын.

Түгжрэлийг багасгах

Хогийн цэг хүргэх хаягдлын хэмжээг багасгах замаар тээвэрлэлтийг ч бууруулах

Дэд бүтэц байгуулах буюу цэвэр, бохирын, халаалтын 2 хоолой, тэрбайтугай эрчим хүчний шугам явуулахгүй байх боломж хайх, шийдэл олох

 

  1. Одоогийн туршилт

 

Хятад аяга ашиглах. Гал тогоондоо “хятад” хэмээх аяга, түүнтэй төстэй хэлбэртэй сав ашигладаг болов. Ингэснээр, угаахад зарцуулдаг халуун ус, 4 жилийн дунджаар, сэнжтэй аяганыхаас, 3 дахин бага байлаа. Тавиур дээр эзлэх зай, талбай, хөдөлмөр зарцуулалт ч багассан.

Худалдаж авахад үнэ нь ч бага.

Ухаалаг агаар шүүгч, зун сэрүүн агаар оруулагч

Гадаа, өвөл, агаарын бохирдолтой үед гаднаас хүчилтөрөгчөөр баялаг, цэвэр агаар оруулж, сууцны агаарын чанарыг сайжруулах зорилгоор фильтр (2.5, 10 гм сольж болно), ухаалаг удирдлага, сэнс зэрэгтэй төхөөрөмж хийж гал тогооныхоо салхивчинд байрлуулж ашиглахад өрөөнүүдийн агаарын чанар сайн байсан. 2 жил ашиглав. Гал тогооны өрөөнд байсан хөргөгч хоногт 30 минутаар бага ажилладаг болж эрчим хүч хэмнэж байв.

Зуны хөвөн хийсдэг үед энэ сэнс тэдгээрийг оруулдаггүй байв. Гэхдээ халуун үед энэ сэнсээр сэрүүн агаар татаж авч байрыг сэрүүцүүлдэг байв. Энэ нь эрчим хүч давхар хэмнэдэг.

 

Хотын захын гэр хороололд ашиглаж болох жорлонгийн нэг загвар.

 

МУ-д төдийгүй, БНХАУ, ОХУ-д ашигладаг гадна жорлонд байдаг дутагдал нь өвөл их хүйтэн, зун үнэр их. Манай стандартын жорлонгийн өндөр тал нь хойноо тул хаврын салхинд хазайх, дээвэр нь хийсэх магадлалтай. Хаалга нь хойноо тул хүйтэн салхи дотогш их ордог. Хоолой хийсэн ч түүгээр дээш соролт үүсэх магадлал бага.

Загварт харуулсан жорлонгийн урд, наран тал поликарбонат нүүртэй. Түүгээр дотоод хана руу нарны энерги бууж дотор талыг халаана. Урд талд нүхний үнэрийг дээш нь гаргах ховил дунд нь байна. Дотор тал нь их халах тул үнэр соролт төчнөөн эрчимтэй. Хаалга зүүн буюу нөмөр талд. Үнэрийг шуурхай гаргах гэвэл дээр нь нээлхий байна. Энэ нээлхийгээр ялааг хөөх механизм тусгагдсан. 

 

  1. Цаашдын арга хэмжээ: ухаалаг ногоон, хөгжлийн барилга, интернет, тайлбар

 

Монгол улсын нутаг дэвсгэр нарлаг, гадарга дээр маань буух энерги их. Мөн барилгыг нар хаахгүй байх газарт барих сонголт багагүй. Эдгээрийг ашиглан зурагт харуулсан шийдэл дэвшүүлж байна. [4.3].

Барилгын дизайн:

Барилга аль болох 4 булангаас өөр булангүй байх. Дээвэр нь шувуун нуруутай бус, ийм барилгыг барихад хялбар материалын орц бага. Урд ханынхаа урдуур шилтэй. Шилтэй тал нь, мөн өндөр нь хэд ч байж болно. Харин барилгын урдаас хойшхи хэмжээ 6м-с ихгүй байх. Энэ тохиолдолд халаалтын нэмэлт зардал бага, нарнаас ихэнх дулаанаа авчихна. Хойшоо хэчнээн урт байна, төчнөөнөөс ч илүүгээр халаалт шаардна.

Дээрх загварын барилгын, 1м орчим өргөнтэй урд балкон руу дотроос шал орчмын хүйтэн, тоостой, янз бүрийн хийтэй агаар оруулахад тэр нь наранд халж дээш хөөрнө. Хөөрөх явцад нь тоос, нүүрстөрөгч болон бусад хийг нь ургамал аваад хүчилтөрөгч өгнө. Цэвэршээд, хүчилтөрөгчөөр баяжиж нараар халсан, байгалийн натураль агаарт ойр бүтэцтэй болсон агаар дотогш орно. 

Энэ барилгад 34 технологи (органик хаягдлыг компост болгож, ургамал, зүлгэ бордоно, дээврийн төдийгүй талбайн ус хуримтлуулж авч цэвэршүүлэн угаалгад ашиглана, саарал усаа цэвэршүүлж мод зүлэг услана, гм) тусгасныг ОӨГ-аас лавлаж болно, тэнд Шинэ бүтээлийн өргөдөл өгөөд тайлбарыг хавсаргасан.

Чухал бүрэлдхүүн хэсэг нь интернет. Дээд талд нь интернетийн аль болох хурдтай антенн харагдаж байна. Шилэн кабельд залгагдаагүй бол радио релейгээр, үгүй бол 2G/3G/4G, эдгээр үйлчилгээгүй бол VSAT-р интернет авна.

Дээвэр дээр байгаа техникийн байр нь хүйтэн, халуун ус агуулах, мөн цахилгаан эрчим хүч хуримтлуулах батарей, нарны контроллёр, инвертер, барилгын ухаалаг контроллёр, кабелиуд зэргийг байрлуулах үүрэгтэй. Урд нүүрэнд нь нарны агаар, ус халаагчууд, нарны панелиуд байрлуулна. Эдгээрийг байрлуулснаар эдгээрийн газарт эзлэх талбай багасна, мөн хамгаалалт нь сайжрах юм.

Дээрх барилга нь төвийн дулаанд холбогдохгүй, иймээс халаалтын шугамын ирэх, буцах хоолой хэрэггүй. Ахуйд ашиглах усаа байгалиас авчих тул уух зэрэг усыг зөөж авна. Иймээс цэвэр усны болон бохирын хоолой шаардлагагүй. Ихэнх тохиолдолд эрчим хүчний шугамд холбогдох хэрэггүй.

Дурьдсан 34 технологийн ихэнх тусгагдсан тохиолдолд, барилгын Хөрөнгө оруулалтын зардал, одоо үеийн хамгийн хэмнэлттэй барилгаас ч их хэмжээгээр бага, ашиглалтын зардал нь хэд дахин, тооцоогоор, 5 ба дээш бага гэж гарсан. Иймээс айлын байр бол нэг хүнд ногдох талбайгаа илүү том, стандарт 6 кв м-с 20-30% илүү барьж, суугчдын тав тухтай байдлыг дээшлүүлэх нөөц бий болно.

Мөн өрхийн үйлдвэрлэл явуулах ажлын байранд зориулах талбай нэмэгдсэнээр, гэр хорооллын өрхийн орлого өсөх нэг нөхцөл гарч ирнэ.

Хурдтай Интернет хүрснээр суугчид, иргэд боловсрол, эрүүл мэндийн болон тоолох аргагүй бусад үйлчилгээг гарч бөглөрөлд хувь нэмэр оруулалгүй, гэрээсээ авах болно. Мөн иргэд гэрээсээ интернетийн тусламжтай хэрэгтэй технологи бүтээгдхүүн, үйлчилгээгээ олж авч, бүтээгдхүүнээ Дэлхийд хүргэнэ. Иргэд энэ барилга, түүнд шингээсэн технологийг өөрт тохируулан ашиглахын зэрэгцээ сайжруулснаар 3-5 жилийн дараа энэ барилга илүү бодитой, хэмнэлттэй, өгөөжтэй, улсын хөгжилд тустай хэлбэр, агуулгатай болно.

Барилгад байрлуулсан олон арван сенсоруудын мэдээллийг төв эпликэшнд татаж авч анализ хийсний үндсэн дээр, мөн үүнд хиймэл оюун ухаан ашигласнаар, сайжруулалтыг улам эрчимжүүлж, Монгол Улсын нөхцөлд тохирсон барилга, сууцны оптималь, бөөндөх загвартай болж юуны магад.

Жич: УБ хотын захиргаанаас гарч байгаа шийдвэрт саад болж буй нэг зүйл байгаа нь МУ-ын ЗГ ҮБ-2030-н 2.1.5-ыг Зорилт.7 [4.1] хэрэгжээгүй явдал, энэ нь гэр хороололд хүргэх интернетийг сумдад хүргэдэгтэй адил өндөр үнэтэй, ₮80000/mbps байлгасаар. Гэр хорооллын өрхүүд суурин интернеттэй, байт тоолохгүй байх боломж энэ заалтад бий. Төвийн интернет 10 гаруй дахин хямд!

 

Бичсэн:  Г. Оюунбаяр