Хөх хотын өдрүүд эхэллээ

2012-09-17 00:00:00

Улаанбаатар Хөх хотын хооронд ах дүүгийн харилцаа тогтоосны 21 жилийн ойн хүрээнд ”Хөх хотын өдрүүд” өнөөдөр нээлтээ хийлээ. Хөх хотын өдрүүдээр ӨМӨЗО-ны  гэрэл зурагчид болон, зураачдын үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдсэнээс гадна, ӨМӨЗО-ны уран бүтээлчдийн урлагийн тоглолт Соёлын төв өргөөнөө болох юм. Хөх хотын өдрийг албан ёсоор өнөөдөр нээж, нээлтийн Туузыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Спорт, аялал жуулчлалын  сайд Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Гадаад харилцааны нийгэмлэгийн дарга  Улаан, Хөх хотын ардын Засгийн газрын дарга, Хөх хотын дарга Чинь И нар хайчиллаа.  Анх 1991 онд Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны дарга асан Л.Энэбиш тэргүүтэй төлөөлөгчид Хөх хотод айлчилж ах дүү хотын харилцаа тогтоох тухай албан ёсны баримт бичигт гарын үсэг зурсан байна. Yүнээс хойш хоёр хотын бүх талын хамтын ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин тэлсээр байгаа ажээ. Энэ тухай нээлтийн ёслолын үеэр Хөх хотын дарга Чинь-И онцолсон юм.  Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэлэхдээ  “Нийслэлийн 373 жилийн ойтой давхцан, Хөх хоттой ах дүү хот болсон 21 жилийн ой тохиож байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Бидний хамтын ажиллагаа манай хоёр улсын соёл урлаг, эдийн засгийн гүүр болохоос гадна хотын маань хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байна” гээд, нийслэл хотынхоо иргэдийг энэ үйл ажиллагааны хүрээнд зохиогдож байгаа урлаг соёлын тоглолтыг үзэн сонирхохыг хүслээ.  Нээлтийн туузаа хайчилсны дараа хүндэт зочид төлөөлөгчид уран зургийн галерейд тавигдсан Өвөр Монголын гэрэл зурагчид болон зураачдын бүтээлийг үзэн сонирхсон. Энэ дашрамд дуулгахад өнгөрсөн оны 11 дүгээр сард Улаанбаатар Хөх хотуудын хооронд ах дүү хотуудын харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож, энэ хүрээнд Хөх хотод “Улаанбаатар хотын өдрүүд”-ийг зохион байгуулсан юм. Улаанбаатар хотын өдрүүд арга хэмжээний үеэр Хөх хотод Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь Хөх хотын иргэдийн таашаалд ихээхэн нийцсэн төдийгүй, хоёр хотын орлогч дарга нар хоёр хотын боловсрол, эрүүл мэнд, соёл, байгаль орчин, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, зам тээвэр, гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг салбаруудын хамтын ажиллагааг дэмжих, өргөжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэхээр тохиролцож санамж бичигт гарын үсэг зурж байжээ.