Нийслэлийн хүүхдүүд хойд хөршид спорт, урлаг, оюун ухаанаар өрсөлдөнө

2013-06-14 00:00:00
ОХУ-ын Новосибирск хотноо 2013 оны 06 дугаар сарын 16-наас 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд болох “Спорт – Урлаг – Оюун ухаан” олон улсын хүүхдийн их наадамд нийслэл хотыг төлөөлөн  72 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид  оролцохоор боллоо. Энэхүү нэр хүндтэй наадам нь үндсэн хөтөлбөр /спортын 21 төрлөөр/, паралимпийн хөтөлбөр /спортын 3 төрлөөр/, сурдлимпийн хөтөлбөр /спортын 2 төрлөөр/, уралдаант үзлэгийн хөтөлбөр /оюуны болон урлагийн/ гэсэн дөрвөн хэсгээр зохион байгуулагдах юм. Наадмын зааврын дагуу үндсэн хөтөлбөр буюу спортын тэмцээнд өрсөлдсөн хүүхэд бүр оюуны болон урлагийн уралдаанд заавал оролцоно. Оюуны уралдаант үзлэг нь “Эртний олимпийн наадам”, “Олимпийн түүх”, “Олимпийн хөдөлгөөн”, “Ерөнхий мэдлэг” сэдвээр, урлагийн үзлэг нь багийн спортын төрлөөр оролцох охид, хөвгүүдийн мэндчилгээ, гоцлол гэсэн 2 төрлөөс аль нэгийг нь, ганцаарчилсан спортын төрлөөр оролцох охид, хөвгүүд гоцлол дуу, уран уншлага, уран зургийн төрлүүдээс аль нэгийг нь сонгон авч өрсөлдөх юм.  Тус наадамд ОХУ-ын Сибирийн нийгэмлэг болон алс дорнодын хотууд, ОХУ, Монгол, БНХАУ, АНУ, БНСУ, Японы баг тамирчид оролцоно.Улаанбаатар хотыг төлөөлөн оролцох 14 нас болон түүнээс доош насны 52 хүүхэд, 20 багш, дасгалжуулагч, шүүгч, албаны хүнээс бүрдсэн баг тамирчид сагсан бөмбөг, волейбол /06-р сарын 16-27-нд/, шатар /06-р сарын 20-30-нд/, чөлөөт бөх /06-р сарын 22-26-нд/, уран сайхны гимнастик, спорт бүжиг /06-р сарын 29-нөөс 07-р сарын 03-нд/, спортын гимнастик, жүдо бөх, хөнгөн атлетик /06-р сарын 30-наас 07-р сарын 03-нд/ гэсэн спортын 9 төрлөөр оролцохоор өнөөдрөөс эхлэн эх орноосоо мордлоо. Монгол Улсын ирээдүй болсон өсвөрийн баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.