Захирамжийн холбогдох заалт болон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай

2013-06-13 00:00:00
2013 оны 06 сарын 13 өдөр                                             дугаар А/601                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн   ЗАХИРАМЖЛАХ нь:
           
1. Иргэн Х.Дагвамандалд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, төмөр замын төв засварын газрын хойд талд 1611м2 газрыг эзэмшүүлсэн байдал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” заалтыг зөрчиж дүүргийн Засаг даргын 2012 оны А/149 дүгээр захирамжаар иргэн С.Отгонцэцэгт олгосон 275м2 газартай давхцаж байх тул Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/244 дүгээр захирамжийн иргэн Х.Дагвамандалд холбогдох заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
2. Иргэн Х.Дагвамандалд Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/118 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 573м2 газрын эрхийг хэвээр үлдээж шийдвэрлэсүгэй.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгож, гэрээг цуцлан, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар
/Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
 
 
 
                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                                  БӨГӨӨД УЛААНБААТАР
                                  ХОТЫН ЗАХИРАГЧ                                            Э.БАТ-ҮҮЛ