Хөрөнгө гаргах тухай

2013-06-12 00:00:00
2013 оны 06 сарын 12 өдөр                                                дугаар А/599                                          Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “б” дэх дэд заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн   26 дугаар зүйлийн 26.1.1, 26.1.4 дэх заалтыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн нутаг дэвсгэрт 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 18.00-19.00 цагийн үед  Хан-Уул дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орсон  түр зуурын аадар борооны улмаас олон айлын гэр, байшин усанд автсан бөгөөд иргэдийн амь нас,  эд хөрөнгийг аврах, хор уршгийг арилгах ажлын хэсгийг хавсралтаар баталж, шаардагдах 509.323.200 /Таван зуун есөн сая гурван зуун хорин гурван мянга хоёр зуу/ төгрөгийг Засаг даргын нөөц сангийн Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй .
 
2. Үерт өртсөн газрын хөрс, зам талбай бохирдсоны учир халдварт өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, айл өрхүүдэд эрүүл ахуйн дэглэм сахиулах,  сурталчилгаа явуулах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг шуурхай зохион байгуулах, явц чанарт хяналт тавьж, өвчлөл гарсан тохиолдолд голомтыг таслан зогсоож, өрхийн эмчийн хяналтанд авч ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар /С.Туул/, Мэргэжлийн хяналтийн газар /М.Ням-Очир/, Мал эмнэлгийн газар /А.Нарантуяа/, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар /Г.Пүрэвсүрэн/, Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягт  тус тус даалгасугай.
 
3. Нийслэлийн нутаг дэвсгэрт үерийн аюултай бүсэд буусан айл өрхийг нүүлгэн  шилжүүлэх,  цаашид  шинээр  нэмж  буулгахгүй  байх,  далан сувгийг цэвэрлэж,  засах,  ус  нэвтрүүлэн  өнгөрүүлэх  чадварыг  сайжруулан, болзошгүй гамшгийн үед ажиллах төлөвлөгөөг тодотгон, хүн, хүч, техник  хэрэгслийн бэлэн байдлыг хангаж  ажиллахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/, Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
 
4. Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, зохион байгуулж байгаа ажлын талаар  иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол мэдээлж  ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/-т  үүрэг болгосугай.
 
5. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороодын нутаг дэвсгэрийг болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлж, хамгаалах зорилгоор үерийн ус зайлуулах инженерийн хийцтэй барилга байгууламжийн зураг төсөл боловсруулж, 2013 оны 08 дугаар сарын 15-ны дотор Удирдлагын Зөвлөлийн хуралд танилцуулахыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд үүрэг болгосугай.
 
6. Энэ захирамжийн биелэлтэнд хяналт тавьж, зохион байгуулж, үр дүнг танилцуулан ажиллахыг Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т  үүрэг болгосугай.
  
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД  УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                                   Э.БАТ-ҮҮЛ